Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Помпей хотын балгаснаас боол, боолын эзэн хоёрын цогцос олджээ
3 жил өмнө   458
 
Италийн судлаачид эртний Ромын хот Помпей  хотын захад орших барилгын балгаснаас боол, боолын эзэн хоёрын маш сайн хадгалагдаж үлдсэн цогцсыг илрүүлснээ өчигдөр зарлажээ.
 
Тэднийг галт уулын дэлбэрэлтийн дараа хотоос зугтах гээд амжилгүй үнсэнд дарагдсан гэж таамагласан байна. Хоёр хүний залуу нь 18-25 орчим настай байсныг тогтоосон байна. Түүний нурууны ясанд суулт үүссэн байдлыг хараад хүнд хэцүү хөдөлмөр эрхэлдэг боол байсан гэж дүгнэжээ. Эсрэгээрээ ахмад нь болох 30-40 насны эрэгтэйн ясны бүтэц эрүүл, ямар нэг бэртэл гэмтэлгүй байсан байна. Тиймээс түүнийг боолын эзэн байсан гэж таамаглажээ.
 
Тэд хоёул ноосоор хийсэн цамц өмссөн байсныг шинжилж тогтоосон байна. Малтлагыг цааш үргэлжлүүлбэл энэ хоёр хүн хаашаа явж байсан, ямар үүрэгтэй байсныг тогтоож болно гэж Италийн мэргэжилтнүүд үзэж байна.
 
Хамгийн сүүлд 2018 оны аравдугаар сард Помпей хотын өөр нэг хэсгээс хоёр эмэгтэй, гурван хүүхдийн хамтдаа тэврэлдсэн цогцсыг ухаж гаргаж байжээ.
 
Үүнээс долоо хоногийн өмнө эндээс нүүрсээр хананд бичсэн бичээс олдож байв. Уг бичээсийг тайлж уншсаны дараа Везуви галт уул нийтийн тооллын 79 оны аравдугаар сард дэлбэрсэн болохыг тогтоож байжээ. Өмнө нь тухайн оны наймдугаар сард дэлбэрсэн гэж үздэг байв.
 
2018 оны тавдугаар сард том чулуунд толгой нь бяц дарагдсан эрэгтэйн биений үлдэгдлийг илрүүлж байжээ. Тэрбээр галт уулын дэлбэрэлтээс зугтаж яваад амиа алдсан байна. Түүний биений ойролцоогоос 20 мөнгөн зоос, хоёр хүрэл зоос бүхий уут олдсон нь өнөөгийн ханшаар 500 евро орчимтой тэнцэх мөнгө байжээ.
 
Коронавирусийн цар тахлын улмаас жуулчдад хаалттай байгаа Помпей хотын балгаст малтлага хийх ажил үргэлжилж байна.
 
Помпей хотын балгасыг анх 16 дугаар зуунд нээж, анхны малтлагыг 1748 онд гүйцэтгэж байжээ. Тэр үеэс хойш үнс нурманд булшлагдсан 1,500 гаруй хүний нүүрс болсон цогцсыг илрүүлээд байна. Помпей хотод нийт 2,000 орчим хүн галт уулын дэлбэрэлтийн үеэр амиа алдсан гэж үздэг ажээ.
 
Эх сурвалж:CNN
Помпей хотын балгаснаас боол, боолын эзэн хоёрын цогцос олджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0