Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Covid-19-ийг хүнд, хөнгөн тусах эсэх нь хүний генээс шалтгаалдаг болохыг тогтоожээ
3 жил өмнө   475
Covid-19 туссан хүмүүсийн нэг хэсэгт нь өвчний шинж тэмдэг бараг илэрдэггүй бол зарим нь эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэх хүртлээ хүндэрч байгаа нь коронавирусийн цар тахлын нэг онцлог болоод байна. 
 
Эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн 2000 гаруй өвчтөнд хийсэн судалгаагаар бүгдэд нь Covid-19 өвчнийг хүндрүүлдэг ген байгааг тогтоосон байна. Энэ тухай шинжлэх ухааны Nature сэтгүүлд нийтэлжээ. Уг судалгааны үр дүн дархлааны систем хаана доголдож байгааг тодорхой болгож, эмч нарт уг өвчнийг анагаах эмчилгээний шинэ арга барил олоход нь туслах чухал ач холбогдолтой ажээ.
 
Генийн төслийг удирдсан Эдинбургийн Хааны эмнэлгийн зөвлөх, профессор Кеннет Бэйли "Вакцин өвчлөлийг эрс бууруулж болох ч эмч нар эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн өвчтөнүүдтэй олон жил ажиллах магадлалтай тул эмчилгээний шинэ арга барилыг яаралтай эрэлхийлэх нэн шаардлагатай байна" хэмээн хэлжээ.
 
Түрэмгий эсүүд
 
Судалгааны явцад эрдэмтэд Их Британийн эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний 200 гаруй тасагт хэвтсэн коронавирусийн халдвартай өвчтөнүүдийн ДНХ-ийг судалжээ. Дараа нь эдгээр хүмүүсийн геномыг эрүүл хүмүүсийнхтэй харьцуулахад хэд хэдэн ялгаа олсон байна. Тэдгээрийн нэг нь TYK2 ген байв. "Энэ ген нь таны дархлааны эсүүдийг илүү түрэмгий болгодог системийн нэг хэсэг юм" хэмээн профессор Бейли тайлбарлажээ. Хэрвээ энэ генд доголдол үүсвэл дархлааны тогтолцоо халж, өвчтөний уушги хүчтэй үрэвсэж эхэлдэг байна. 
 
Ийм үйл явцыг зогсоохын тулд үрэвслийн эсрэг эм хэрэглэдэг (жишээ нь, ревматоид артрит) ч коронавирусийн тохиолдолд тусалж чадах эсэхийг клиникийн томоохон туршилтын явцад л тогтоох боломжтой аж.
 
Хэт бага интерферон ялгаруулдаг бол...
 
Түүнчлэн генийн ялгааг үрэвслийн үед чухал үүрэг гүйцэтгэдэг DPP9 ген болон вирусийг үржүүлэхээс урьдчилан сэргийлдэг OAS генээс илрүүлсэн байна. Эрчимт эмчилгээний өвчтөнүүдэд IFNAR2 генийн өөрчлөлтийг илрүүлжээ. Энэ нь халдварын эхний шинж тэмдэг илрэнгүүт дархлааг өдөөж буй вирусийн эсрэг хүчтэй молекул болох интерфероныг боловсруулахтай холбоотой ген юм. Хэрвээ бие махбод хэтэрхий бага интерферон ялгаруулдаг бол энэ нь вируст хурдан үржих боломж олгож, улмаар өвчин хүндэрдэг аж. 
 
Интерфероныг эмчилгээний зорилгоор нэмэлтээр бичиж болдог ч клиникийн туршилтаар коронавирусийн халдвар авсан маш хүнд өвчтөнд тус болохгүй байна гэсэн дүгнэлтэд ДЭМБ хүрээд байна. 
 
Интерфероны нөлөөг судалж буй Нью-Йорк дахь Рокфеллерийн их сургуулийн профессор Жан Лоран Казанова интерфероныг нэмэлтээр хэрэглэж эхлэх цаг хугацаа чухал үүрэг гүйцэтгэдэг гэжээ. "Хэрвээ интерфероныг дөнгөж өвдөөд эхний нэг, хоёр, гурав, дөрөв дэх өдөрт нь хэрэглэж эхэлбэл нөлөө үзүүлнэ гэж бодож байна" хэмээн тэрбээр хэлсэн байна.
 
Эрдэмтэд энэхүү судалгаагаа үргэлжлүүлж, цар тахлын эсрэг шинэ эмчилгээний арга барил олохын тулд өөр үндэстнүүдэд ч мөн судалгаа хийх шаардлагатай байгаагаа хэлжээ.
 
Эх сурвалж: ВВС
Covid-19-ийг хүнд, хөнгөн тусах эсэх нь хүний генээс шалтгаалдаг болохыг тогтоожээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0