Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Дэлхий даяар тарьсан вакцины тунгийн тоо халдварын тохиолдлын үзүүлэлтийг давлаа
3 жил өмнө   372
Дэлхий даяар “COVID-19”-ийн вакциныг тарьсан тоон үзүүлэлт коронавирусээр халдварласан хүмүүсийн тоог давлаа гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ баасан гарагт мэдээллээ. 
 
Гэвч олон нийтийг вакцинжуулсан үзүүлэлтээр чинээлэг орнууд тэргүүлж байгааг тус байгууллага хэвлэлийн бага хурлын үеэрээ анхааруулжээ. “Нэг талаар, тарьсан вакцины тоо халдварын тохиолдлын тоог давсан нь сайн мэдээ, богино хугацаанд гарсан онцгой ололт боловч одоогоор тариад буй нийт тунгийн дөрөвний гурав гаруйг дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 60 орчим хувийг бүрдүүлдэг 10-хан оронд хийсэн байна” гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус мэдэгджээ.
 
Харин дэлхийн хүн амын 2.5 тэрбум нь амьдардаг 130 орчим оронд коронавирусний нэг ч тун вакциныг тариагүй байгааг Т.Гебрейесус онцлоод, вакцинаа хуваалцахыг улс орнуудад уриалсан байна.
 
“Улс орнууд эмнэлгийн ажилтнууд, өндөр настай иргэдээ вакцинжуулсан тохиолдолд үлдсэн хүн амаа хамгаалах хамгийн сайн арга зам бол бусад оронд эмнэлгийн ажилтнууд, өндөр настай хүмүүсээ дархлаажуулахад зориулан вакцинаа хуваалцах явдал юм. Учир нь өндөр эрсдэлтэй бүлгийн хүмүүсийг дархлаажуулахгүй удвал вируст хувьсах, вакцинаас бултах боломжийг олгоно” гэж ДЭМБ-ын тэргүүн тайлбарлажээ. 
 
Өөрөөр хэлбэл, бид вирусийг дэлхийн эргэн тойронд нухчин дарахгүй бол анх ямар байсан тэр үе шатандаа эргэн очиж болзошгүй юм гэж тэрбээр нэмж хэлсэн байна. Энэ долоо хоногийн эхээр ДЭМБ дэлхийн даяар халдварын тохиолдлын тоо гурван долоо хоног дараалан буурч байгаа талаар мэдээлсэн юм. Мөн Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, АНУ, Бразил, Их Британи, ОХУ, Энэтхэг, Итали, Францад халдварын үзүүлэлт буурч байгаа хандлага ажиглагджээ. Дэлхий даяар өнөөдрийн байдлаар 105 сая гаруй хүн халдвар авч, 2.3 сая орчим хүн нас баржээ.
 
Хэдийгээр халдварын тохиолдлын тоо буурч байгаа боловч судлаачид коронавирусний шинэ хувилбарууд тархаж байгаад санаа зовнисон хэвээр байна. Тухайлбал, Өмнөд Африкт анх илэрсэн хувилбарын хувьд вакцины үр дүнг бууруулж буй байдал ажиглагдаад байгаа юм. 
 
Эх сурвалж: STRANA
Дэлхий даяар тарьсан вакцины тунгийн тоо халдварын тохиолдлын үзүүлэлтийг давлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0