Цөөн үгээр:
Rivian энэ намар хувьцаагаа хөрөнгийн биржээр зарж эхэлнэ
2 сар өмнө   164
Цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэлийн Rivian компани энэ оны есдүгээр сард нээлттэй компани болж, хөрөнгийн зах зээлд хувьцаагаа зарж эхлэхээр болжээ.
 
Тус компанийн зах зээлийн үнэлгээг $50 тэрбумд хүрнэ гэж Блүүмбэрг мэдээлсэн юм. Энэ нь Ford компаниас өндөр үнэлгээтэй гэсэн үг. 2010 онд Tesla компани IPO хийхдээ үүнээс 35 дахин багаар үнэлэгдэж байжээ.
 
Онлайн худалдааны Амазон компани зэрэг томоохон хөрөнгө оруулагчдын дэмжлэгтэй Rivian-ийг ирээдүйд Tesla-гийн хамгийн хүчтэй өрсөлдөгч болно гэж шинжээчид үзэж байна.
 
Өмнөд Калифорнигаас гаралтай Rivian стартап анх 2018 онд олон нийтэд танил болж байв. Тус компанийг тухайн үед 26 настай байсан Массачусетсын Технологийн Их сургуулийн механик инженерийн ангийн төгсөгч Роберт Скэринж үүсгэн байгуулжээ.
 
Rivian өөрийн зохион бүтээж буй анхны бүтээгдэхүүнүүд болох SUV ангиллын R1S, пикап ангиллын R1T загваруудаа энэ зун зах зээлд танилцуулах төлөвтэй байгаа.
 
Эдгээр нь хоёул туулах чадвар өндөртэй off-road төрлийн автомашин болох юм.
 
$67,500 орчим үнэтэй зах зээлд гараг R1T нь бүрэн цэнэглэлтээр 640 км зам туулах 750 морины хүчин чадалтай байна. Үүнээс хямд үнэтэй 400 км туулах чадвартай хувилбар гарна гэсэн мэдээлэл бий.
 
$70,000-аас эхлэх үнэтэй R1S нь бүрэн цэнэглэлтээр 480 км туулах чадвартай, 5 ба 7 хүний суудалтай хувилбаруудтай байх гэнэ.
 
Rivian-ий хөрөнгө оруулагчдын нэг Амазон компани бараа хүргэлтийн зориулалтаар ашиглах цахилгаан хөдөлгүүртэй 100,000 ширхэг VAN төрлийн автомашины захиалгыг 2019 онд хийсэн байдаг.
 
Зах зээлд ганц ч бүтээгдэхүүн гаргаагүй байгаа компанийн хувьд энэ маш том дэмжлэг юм. Амазоны эхний автомашин энэ сард нийлүүлэгдэх бол сүүлчийнх нь 2030 онд нийлүүлэгдэхээр болжээ.
 
Rivian-ий хөрөнгө оруулагчдын дотор Амазоноос гадна BlackRock, T.Rowe Price, Fidelity, Cox Automotive, Ford зэрэг томоохон компаниуд бий.
 
Зөвхөн сүүлчийн нэг жилийн хугацаанд Rivian тэдгээрээс $5 тэрбумын хөрөнгө оруулалт татаж чаджээ.
 
Rivian-ий гүйцэтгэх захирал Роберт Скэринж R1T, R1S загваруудаа зах зээлд гаргасны дараа үйлдвэрлэлээ Хятад, Европт тэлэх төлөвлөгөөтэй байгааг өнгөрсөн онд хэвлэлд ярьж байв.
 
 
 
Эх сурвалж: Business Insider
 
 
Rivian энэ намар хувьцаагаа хөрөнгийн биржээр зарж эхэлнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0