Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Сассексийн гүнгийн хатан Меган Опра Уинфригийн ярилцлагын шоунд сонирхолтой зүйлс дурьдсан байна
3 жил өмнө   284
Сассексийн гүнгийн хатан Меган Опра Уинфригийн ярилцлагын шоунд орохдоо хааны гэр бүл түүний хүү Арчигийн арьс хэр зэрэг бараан өнгөтэй байх талаар ярьж байсан тухай хэлжээ. Меган болон түүний нөхөр ханхүү Харри нар хааны гэр бүлийн гишүүдийн албан ёсны үүргээс татгалзаж, Их Британиас явснаас хойш анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өгсөн. 
 
Харри, Меган Маркл нартай хоёр цаг хийсэн Опрагийн ярилцлага Америкийн CBS сувгаар ням гарагийн  орой цацагджээ. Нэвтрүүлгийн үеэр ханхүү Харри удахгүй охинтой болох гэж байгаагаа дуулгасан байна. 
 
Меганыг хүү Арчигаа хэвлийдээ тээж байх үед нь "Хүүд нь ханхүүгийн цол олгохгүй тул хааны гэр бүлийн бусад гишүүд шиг хамгаалалтад авахгүй" гэж хэлсэн тухай ярьжээ. Энэ нь уламжлалыг эвдсэн маш бүдүүлэг явдал гэж Меган хэлсэн байна. 
 
"Тэдэнд тэгэх эрх байхгүй шүү дээ. Намайг бие давхар байхад Арчигийн хувьд ёс уламжлалаа өөрчлөх хүсэлтэй байгаагаа хэлсэн. Сонирхолтой нь яагаад гээч? Бидний хүүгийн аюулгүй байдлыг хангахгүй байх, бусад ач зээ нартай нь ижил цол хэргэм олгохгүй гэдэг нь угтаа энэ гэр бүлийн анхны цагаан биш арьстай гишүүн болж байгаатай холбоотой юм" гэжээ.
 
 
Хааны гэр бүлээс Харригийн хүү Арчид ханхүү цол олгоогүй аж. Хааны ордноос ханхүү Уиллиамын хүүхдүүд хаан ширээ залгамжлагчид учраас ханхүү, гүнж цол олгосон гэж тайлбарлажээ. 
 
Опра "Та юу гэж бодож байна вэ? Энэ нь арьс өнгөөр ялгаварлах үзлээс болсон уу?" гэж асуухад Меган "Намайг бие давхар байх тэр хугацаанд хүүг маань хамгаалж, цол хэргэм өгөхгүй гэдэг яриа явж байсан. Тэр ч бүү хэл төрөхөөс нь өмнө арьс нь хэр зэрэг бараан байх бол гэсэн яриа ч гарч байлаа" гэжээ. Опра хэн ийм зүйл ярьсан талаар лавлан асуухад Меган хариулаагүй байна. Дахин асуухад Меган "Энэ талаар хэд хэдэн яриа гарсан. Харри надад хэлсэн юм. Энэ бол Харригийн гэр бүлийнхэн нь түүнтэй ярьсан яриа" гэжээ. Уг ярилцлагад ханхүү Харри нэгдэн орж ирсний дараа Опра түүнд дахин энэ асуултыг тавихад "Би энэ талаар хэзээ ч ярихгүй. Тухайн үед надад үнэхээр эвгүй байсан. Би бага зэрэг цочирдсон" гэж Харри хэлжээ.
 
Түүнчлэн Их Британийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Меганы арьсны өнгөний талаар бичиж байсныг хааны гэр бүл огт шүүмжлээгүй нь Харриг хамгийн ихээр гомдоосон гэв. Сэтгүүлчдийн нийтлэлүүдийг парламентын 70 гаруй гишүүн буруутган шүүмжилж байхад "Гэр бүлийн гишүүдээс минь энэ гурван жилийн хугацаанд хэн нь ч юу ч хэлээгүй нь сэтгэлийг минь өвтгөсөн" гэжээ.
 
 
 
Эх сурвалж: ВВС
Сассексийн гүнгийн хатан Меган Опра Уинфригийн ярилцлагын шоунд сонирхолтой зүйлс дурьдсан байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0