Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
АНУ ба Чех улсыг “найрсаг бус” харилцаатай орнуудын жагсаалтад оруулснаа ОХУ зарлалаа
3 жил өмнө   371
Өчигдөр ОХУ-ын засгийн газар АНУ ба Чех улсыг “найрсаг бус” харилцаатай орнуудын жагсаалтад оруулснаа албан ёсоор зарлаж, дипломат үйл ажиллагаанд нь хязгаарлалт тогтоожээ.
 
Тухайлбал Москва дахь АНУ-ын дипломат төлөөлөгчийн газарт Оросын иргэдийг ажиллуулахыг хориглож, Чехийн элчин сайдын яаманд ажиллах хүний тоог 19-өөр хязгаарласан байна. Өнгөрсөн сард ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “найрсаг бус” харилцаатай орнуудын жагсаалтыг бий болгож, тэдгээрийн эсрэг хориг арга хэмжээ авах хуулийг баталж байв.
 
АНУ-ын талд наймдугаар сарын 1-нээс өмнө амжиж хоригийн шаардлагыг биелүүлэх хугацаа өгсөн тухай ОХУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова өчигдөр мэдээлжээ. 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлөх ажиллагаа явуулсан, SolarWind компанийн системээр дамжин Америкийн төрийн болон хувийн байгууллагуудын сүлжээнд кибер халдлага зохион байгуулсан гэсэн хоёр шалтгаанаар Жо Байдены засаг захиргаа өнгөрсөн сард ОХУ-ын хувь хүн, хуулийн этгээдүүдийн эсрэг эдийн засгийн хориг зарласан юм.
 
“Найрсаг бус” харилцаатай орнуудын хар жагсаалтад АНУ-ыг оруулсан нь Москвагийн зүгээс авсан хариу арга хэмжээ болж байна. Өнгөрсөн сард Орос, Чех улсуудын хооронд дипломат харилцааны маргаан үүссэн нь бас ийм арга хэмжээ авахад нөлөөжээ.
 
Прагын эрх баригчид 2014 онд тус улс дахь зэвсгийн агуулах дэлбэрэхэд Оросын тагнуулын алба оролцсон гэх дүгнэлтийг гаргаж, ОХУ-ын дипломатчдыг нутаг дэвсгэрээсээ хөөсөн юм.
 
АНУ дахь кибер халдлага, сонгуулийн үр дүнд нөлөөлөх оролдлого, Чехийн зэвсгийн агуулахыг дэлбэлсэн хэрэгт ямар ч холбоогүй гэдгээ Оросын тал мэдэгдэж байв.
 
Эх сурвалж: The Guardian
АНУ ба Чех улсыг “найрсаг бус” харилцаатай орнуудын жагсаалтад оруулснаа ОХУ зарлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0