Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Самоа улсын анхны эмэгтэй ерөнхий сайд асарт тангараг өргөлөө
3 жил өмнө   315
Номхон далайн 197,000 орчим хүн амтай бяцхан арал улс Самоа анх удаа эмэгтэй ерөнхий сайдтай болжээ.
 
Даваа гарагт шинэ ерөнхий сайд Фиаме Наоми Матаафа тангаргаа өргөхөөр иртэл өмнөх ерөнхий сайд парламентын ордныг дотроос нь цоожлоод оруулаагүй байна.
 
Тиймээс тангараг өргөх ёслолыг ордны гаднах цэцэрлэгийн асарт зохион байгуулжээ. Ордноо цоожилсон өмнөх засгийн газрын тэргүүн Тулепа Сайлеле Малелегаой нь 22 жил ерөнхий сайдын албыг хашиж байгаа бөгөөд ажилласан хугацаагаараа дэлхийд хоёрт бичигддэг. Өнгөрсөн сард болсон сонгуулиар түүний Хүний Эрхийн Төлөө Нам 40 жил засгийн эрх барьсны эцэст анх удаа ялагдал хүлээсэн байна. Эрх баригч, сөрөг хүчний хоёр нам парламентад адилхан тус бүр 25 суудалтай болж, нэг бие даагч сөрөг хүчний талд орсноор хатагтай Матаафа засгийн газраа байгуулах эрхтэй болсон юм.
 
Гэвч эрх баригч нам сөрөг хүчнээ засгийн газар байгуулах хангалттай суудал аваагүй гэж эсэргүүцээд дахин сонгууль явуулахыг шаардсан байна. Самоа улсын дээд шүүх дахин сонгууль явуулах шаардлагагүй, сөрөг хүчин засгийн газраа байгуулах эрхтэй гэж шийдсэн ч өмнөх ерөнхий сайд нь ийнхүү суудлаасаа зууралдсаар байна.
 
64 настай хатагтай Матаафа нь Номхон далайн Полинезийн арал улсуудын дотроос төрсөн хоёр дахь эмэгтэй ерөнхий сайд юм.
 
Эх сурвалж: BBC
Самоа улсын анхны эмэгтэй ерөнхий сайд асарт тангараг өргөлөө
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0