Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Энэтхэгт үйлдвэрлэсэн шинэ вакциныг ДЭМБ баталлаа
3 жил өмнө   386
Энэтхэгт шинээр үйлдвэрлэсэн Covid-19-ийн эсрэг вакциныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭБМ/ Лхагва гаригт бүртгэлээ. Энэ нь Энэтхэгийн “Bharat Biotech” компанид үйлдвэрлэсэн "Коваксин" вакцин юм. Ийнхүү "Коваксин" вакцин ДЭМБ-аас баталсан цар тахлын эсрэг найм дахь вакцин болж байна.
 
“Bharat Biotech” компани Энэтхэгийн Анагаах ухааны судалгааны зөвлөлтэй хамтран тус вакциныг гаргажээ. Уг вакциныг дархлааны хариу урвалыг нэмэгдүүлэх зорилгоор Covid-19-ийн үхсэн вирусийг ашиглан бүтээсэн бөгөөд хоёр тунгаар тарих юм.
 
"Коваксин" нь хүнд хэлбэрийн Covid-19-ээс урьдчилан сэргийлэхэд ойролцоогоор 78 хувийн үр дүн үзүүлж байгааг ДЭМБ-аас тогтоожээ. Мөн хадгалах нөхцөл хялбар байдлаараа ядуу буурай орнуудад хамгийн тохиромжтой вакцинаар тодорч буй юм.
 
Харин уг вакцин жирэмсэн эмэгтэйчүүдэд аюулгүй болон хэр үр дүнтэй болохыг хараахан тогтоогүй байгаа тул холбогдох судалгааг хийхээр болжээ.
 
Энэтхэгийн эмийн зохицуулалтын агентлаг хүн дээр өргөн хүрээтэй туршилт хийхээс хэдэн сарын өмнө буюу нэгдүгээр сард "Коваксин" вакциныг зөвшөөрсөн юм. Өөрөөр хэлбэл, хугацаанаас нь өмнө зөвшөөрсөн гэсэн үг. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди гуравдугаар сард тус вакцины эхний тунг хийлгэжээ.
 
Ийнхүү аравдугаар сарын дундуур нийт 110 сая гаруй тун "Коваксин" вакцин тарьснаар Энэтхэгт хэрэглээгээрээ "Астразенек" вакцины дараа хоёрдугаарт орж байна. “Bharat Biotech” компани сард дунджаар 25 сая тун вакцин үйлдвэрлэж байгаа бөгөөд үүнийг 58 сая болгохоор төлөвлөж байгаа аж.
 
ЭХ СУРВАЛЖ: WORLD
Энэтхэгт үйлдвэрлэсэн шинэ вакциныг ДЭМБ баталлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0