Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Макроны бодлогогүй мэдэгдэл Алжир улсын "шархыг" хөндөв
2 жил өмнө   361
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны Алжир улсын талаар хийсэн мэдэгдэл хоёр улсын харилцааг ихээхэн сэвтүүлж, хуучны “шархыг” хөнджээ. Энэ талаар Францын ерөнхийлөгчийн албанаас мэдэгдэл хийж, "Макрон үүссэн маргаан, үл ойлголцолд харамсч байгаа" гэсэн нь Алжиртай харилцаагаа зөөлрүүлэхийг эрмэлзэж байгааг харуулав.
 
Тодруулбал, Макрон Францын колоничлолоос өмнө Алжир улс байсан эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд тус улс өдгөө Францыг үзэн ядах үзэл дээр суурилсан цэрэг улс төрийн системтэй байгаа нь колоничлолын түүхээ давтсан хэрэг болохыг онцолжээ. Энэ мэдэгдлийн улмаас хоёр улсын харилцаанд ан цав үүсэхэд хүрсэн байна.
 
Алжир Францын агаарын хүчнийг хилээрээ нэвтрүүлэхгүй гэж мэдэгдсэн бөгөөд элчин сайдаа эргүүлэн татсан билээ. Мөн Алжир улсын ерөнхийлөгч Абдельмаджид Теббон хурцадмал байдлыг намжаах эхний алхмыг хийхгүй гэдгээ Бямба гаригт мэдэгдсэн. Тэрбээр Германы “Der Spiegel” сэтгүүлд ярилцлага өгөхдөө "Макрон хуучны шархыг дэмий хөндлөө" гэжээ.
 
Хоёр улсын харилцааны түүхэнд Францын талаас колоничлолоо үргэлжлүүлэх гэсэн, Алжир талаас тусгаар тогтнолын төлөө тэмцсэн цуст дайн 1954-1962 оны хооронд өрнөж байв. Франц-Алжир улсын харилцаанд ихээхэн сэв суулгасан энэ дайны он жилүүдэд хоёр тал бие биенийхээ эсрэг эрүү шүүлт явуулж, хэдэн зуун мянган алжир хүний амь үрэгдсэн гэдэг.
 
Өнгөрсөн Баасан гаригт болсон Ливийн бага хурлын өмнө Францын ерөнхийлөгчийн албанаас мэдэгдэл хийхдээ Алжир улс бүс нутгийн томоохон тоглогч болохыг онцолж, тус хуралд Теббон ирж оролцож байгаад Макрон баяртай байгаа гэв. Мөн Макроны мэдэгдлээс улбаалж талуудын хооронд үл ойлголцол үүссэнд харамсч байгаагаа илэрхийлжээ.
 
Үүнээс гадна, Францын ерөнхийлөгчийн албаны хүн “Макрон Алжир үндэстэн, Алжир улсын түүх, тусгаар тогтнолыг дээд зэргээр хүндэтгэн үздэг” гэв.
 
Макрон Алжиртай холбоотой Францын түүхийн ил тод байдлыг нэмэгдүүлэхийг хичээж буй. Тэрбээр түүхч Бенжамин Сторад энэ талаар судалгааны тайлан гаргах үүрэг өгсөн нь үүнийг харуулж байгаа юм. Мөн дайны үнэнийг өгүүлэх хороо байгуулах уриалга гаргасан ч Алжир талаас албан ёсоор уучлалт гуйхаас татгалзсан аж.
 
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Макроны бодлогогүй мэдэгдэл Алжир улсын "шархыг" хөндөв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0