Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
АНУ-д “Pfizer”-ын вакцины нэмэлт тунг 16, 17 настнуудад тарихыг зөвшөөрчээ
2 жил өмнө   321
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар /FDA/ “Pfizer-BioNTech” компанийн “COVID-19”-ийн вакцины нэмэлт тунд өсвөр насны хүүхдүүдийг хамруулахыг пүрэв гарагт зөвшөөрчээ. Ингэснээр тус улсад 16 болон түүнээс дээш насны, хоёр дахь тунгаа хийлгээд хамгийн багадаа зургаан сарын хугацаа өнгөрч буй хүмүүс нэмэлт тунд хамрагдах боломжтой болж байна.
 
“Pfizer-BioNTech”-ийн вакцинд 16-гаас дээш насныхныг жил орчмын өмнөөс хамруулж эхэлсэн бөгөөд вакцины ашиг тус нь эрсдэлээс давж байгаа нь тодорхой байна. Гэхдээ насанд хүрэгчид, 16, 17 насныханд вакцины үзүүлэх “COVID-19”-ийн эсрэг үйлчлэл нь хоёр дахь тунг тарьснаас хойш цаг хугацааны явцад суларч буйг судалгаанууд харуулж байна” гэж Хүнс, эмийн чанарын хяналтын газрын биологийн үнэлгээ, судалгааны асуудал хариуцсан дарга Петр Маркс мэдээлжээ.
 
Анагаах ухааны “The Lancet” сэтгүүлд 10 дугаар сард нийтлэгдсэн судалгаагаар “Pfizer-BioNTech”-ийн вакцины “COVID-19”-өөс хамгаалах үйлчлэл нь хоёр дахь тунг тарьснаас 5-6 сарын дараа 47 хувьд хүрч буурч байгааг тогтоосон байна. Мөн “Pfizer”, “BioNTech” компаниуд вакциных нь “омикрон”-ы эсрэг үйлчлэл гурав дахь тунг тарьсны дараа хамгийн өндөр хэмжээнд хүрч байгааг мэдээлсэн юм. Тодруулбал, хоёр тунг хийлгэсэн хүмүүсийн цусан дахь эсрэг биетийн түвшин гурван тунг хийлгэсэн хүмүүсийнхээс бага байжээ. 
 
“Хоёр тун вакцин “омикрон” хувилбараар халдварлан хүндээр өвчлөхөөс сэргийлэх төлөвтэй байгаа бол гурав дахь тун хамгаалалтыг нь улам нэмэгдүүлнэ гэдэг нь урьдчилсан мэдээллээс тодорхой болоод байна” гэж “Pfizer” компанийн гүйцэтгэх захирал Альберт Бурла мэдэгдсэн байна. Түүнчлэн “FDA” 16, 17 насныханд нэмэлт тунг тарихыг яаралтай журмаар зөвшөөрснийг коронавирусний эсрэг тэмцлийн "чухал үе шат" хэмээн тэрбээр тодорхойлжээ.
 
Хоёр компани нэмэлт тунг тарьсны дараа “COVID-19”-өөр халдварлахаас 95 хувиар хамгаалж буйг тогтоосон эмнэлзүйн гуравдугаар үе шатны туршилтын үр дүнг тус газарт удахгүй илгээхээр төлөвлөж байгаа ажээ. “The Associated Press” агентлагийн мэдээлснээр, АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилсан сэргийлэх төв /CDC/ мөн 16, 17 насныханд “Pfizer-BioNTech”-ийн вакцины нэмэлт тунг тарихыг зөвлөсөн байна. 
 
Эх сурвалж: NYTIMES
АНУ-д “Pfizer”-ын вакцины нэмэлт тунг 16, 17 настнуудад тарихыг зөвшөөрчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0