Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
АНУ, Япон гангийн татвартай холбоотой асуудлыг шийдвэрлэхээр тохиролцжээ
2 жил өмнө   320
АНУ Ерөнхийлөгч асан Дональд Трампын засаг захиргааны үед тогтоосон гангийн татвартай холбоотой худалдааны асуудлыг шийдвэрлэхээр Японы талтай тохиролцсон талаараа даваа гарагт мэдэгдэв.
 
Япон улсын хувьд 2018 оноос тогтоосон татварыг цуцлахыг эрмэлзэж байсан бол Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Америкийн гангийн үйлдвэрлэлийн салбарыг хамгаалах хүчин чармайлтын хүрээнд татварын квот тогтоохыг зөвшөөрчээ.
 
Ингэснээр ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжих гэрээний дагуу жилд 1.25 сая хүртэлх тонн /2018, 2019 онд АНУ-ын Японоос импортолсон гангийн дундаж хэмжээ/ ганг татваргүйгээр нэвтрүүлэхийг зөвшөөрөх ажээ.
 
Ж.Байдены засаг захиргаа Д.Трампын гадаад харилцаа, худалдааны нэг талыг баримталсан бодлогын улмаас /Япон, Европын Холбоо /ЕХ/ зэрэг худалдааны түншүүдийнхээ ган, хөнгөн цагааны импортод татвар ногдуулсан/ суларсан хэлхээ холбоогоо сэргээхээр ажиллаж байгаа юм. 
 
АНУ-ын Худалдааны сайд Жина Раймондогийн мэдээлснээр, энэхүү гэрээ нь Хятадын худалдааны шударга бус практиктай тэмцэх, Америкийн гэр бүл, аж ахуй нэгж, ажилтнуудад илүү өрсөлдөөнтэй эдийн засгийг бий болгохоор ажиллаж буй энэ цаг үед дэлхий өнцөг булан бүр дэх түншүүдтэйгээ харилцаагаа сэргээхэд хувь нэмэр оруулах ажээ. Хэлэлцээрт хөнгөн цагааны татварын талаар тусгаагүй гэдгийг Ж.Байдены засаг захиргааны төлөөлөгчид хэлжээ.
 
Өнгөрсөн оны 11 дүгээр сард Японы Худалдаа, аж үйлдвэрийн сайд Койчи Хагиүда, Ж.Раймондо нар яриа хэлэлцээ эхлүүлэхээр тохиролцсоноос хойш хоёр орон татварын асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлж ирсэн юм. 10 дугаар сард Ж.Байдены засаг захиргаа ЕХ-той өмнөх засаг захиргааны үеийн татварын маргааныг зохицуулах тохиролцоонд хүрч, АНУ Европоос тодорхой хэмжээний ган, хөнгөн цагааныг татваргүйгээр импортолж, ЕХ АНУ-ын бүтээгдэхүүнүүдэд хариу болгон тогтоогоод байсан татварын үйлчлэлийг зогсоосон билээ.  
АНУ, Япон гангийн татвартай холбоотой асуудлыг шийдвэрлэхээр тохиролцжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0