Өнөөдөр Францын ерөнхийлөгч Эммануэл Макроны хэвлэлийн албанаас гаргасан мэдэгдэлд АНУ, ОХУ-ын ерөнхийлөгч нар Украины асуудлаар уулзахаар тохиролцсон тухай мэдээлжээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Макрон утсаар Жо Байден, Владимир Путин нартай ээлжлэн ярилцсаны үр дүнд уулзалтын зарчмыг тохиролцсон байна. Уулзалтын дэлгэрэнгүй агуулгыг хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нарын уулзалтын үеэр тохиролцохоор болжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден уулзалтын зарчмыг зөвшөөрсөн ба зөвхөн Украинд ОХУ халдан довтлоогүй тохиолдолд л Путинтэй уулзах боломжтойг Цагаан ордноос мэдэгдсэн юм. Украины хямрал улам гүнзгийрч, Европ тивд дайн дэгдэх эрсдэл нэмэгдэж буй цаг үед АНУ, ОХУ-ын ерөнхийлөгч нарын уулзалтын сураг гарч байна.
Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагаас хойш Донбасын бүс нутагт Украины засгийн газрын арми болон салан тусгаарлагчдын хооронд байлдааны ажиллагаа эрчимжээд байгаа.
Украины армийн их бууны суманд энгийн хоёр иргэн амиа алдсан тухай салан тусгаарлагчдын төлөөлөгч Даваа гарагт мэдээлжээ. Харин Киевийн эрх баригчид үүнийг үгүйсгэж, Оросын талыг баримтлагчид Украин руу довтлох шалтаг гаргахын тулд Донецк, Луганскийн иргэд рүү гал нээж байгаа хэмээн тайлбарлаж байна.
Өчигдөр Путин, Лукашенко нар Беларусийн нутаг дахь цэргийн хамтарсан сургуулилалтаа дуусгалгүй үргэлжлүүлэх шийдвэрийг Москвад гаргасан юм. Сүүлийн өдрүүдэд Украины хилээс 15 км хүртэл зайд ОХУ-ын цэргийн анги нэгтгэлүүдийн үйл ажиллагаа идэвхэжсэнийг АНУ-ын хиймэл дагуулын зураглалын Maxar компани саяхан мэдээлжээ. Оросын цэрэг Украинд халдан довтлох хугацаа ойртсоныг АНУ тэргүүтэй NATO-гийн холбоотнууд анхааруулж, ингэсэн тохиолдолд Москвагийн эсрэг хатуу хориг арга хэмжээ авахаа амласаар байна.
Харин Оросын засгийн газар ямар нэг дайн эхлүүлэх төлөвлөгөөгүйгээ дахин дахин мэдэгдсээр байгаа юм.
Эх сурвалж: Reuters
АНУ, ОХУ-ын ерөнхийлөгч нар Украины асуудлаар уулзаж магадгүй |
|