Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Нууцаар айл руу орж хүнс хулгайлдаг баавгайг эрэлд гарчээ
2 жил өмнө   371
Өнгөрсөн зунаас хойш Тахо нуурын орчмын айлуудын гэрт нэвтэрч, хоол хүнс хулгайлдаг болсон хар баавгайг Калифорни мужийн цагдаагийн газар эрэн сурвалжилж байгаагаа зарлажээ.
 
“Hank the Tank” хэмээн нэрлэгдээд байгаа баавгайн жин 220 гаруй килограмм хүрсэн нь ийм төрөл зүйлийн дунджаас өндөр байгаа юм. Хоол хүнсний хомсдолын улмаас өвөл ичиж чадаагүй баавгай ийнхүү “айл ухаж” яваа гэж судлаачид үзэж байна. Мөн хүмүүсийн хэрэглэдэг хоол хүнсэнд хорхойтсон нь түүний илүүдэл жингээс харагдаж байгаа гэнэ.
 
“Баавгай том биеэ ашиглан айлд цөмөрч орох арга сурсан нь тодорхой байна. Тэр энэ аргаараа хаалга, гараашийн хаалга, цонх эвдэж ордог болжээ” гэж Калифорни мужийн байгаль орчны албаны төлөөлөгч Питер Тайра ярьжээ. Хар зүс, цайвар хамар, үлэмж том биеэр нь хулгайч баавгайг таних боломжтойг Тахо Нуурын Өмнөд дүүргийн цагдаагийн алба мэдээлсэн байна.
 
Зэрлэг амьтныг барихад хэрэглэдэг уламжлалт аргууд үр дүнд хүрээгүй, мөн баавгай нь хүмүүсийн дундах амьдралаасаа татгалзах дургүй болсон тул одоо буудахаас өөр аргагүй болсон гэж орон нутгийн эрх баригчид үзэж байгаа юм.
 
Харин амьтан хамгаалах хөдөлгөөнийхөн баавгайг тусгай урхи хэрэглэн барьж, зэрлэг байгальд буцааж тавихыг уриалжээ. Ингэвэл баавгай байгалийн хүнс тэжээлдээ буцаад дасна гэж тэд үзэж байна.
 
“Hank the Tank” баавгай сүүлийн хагас жил орчим хугацаанд 40 орчим айлын гэрт нэвтэрч, заримд нь ноцтой хохирол учруулаад байгааг цагдаагийн газар мэдээлжээ.
 
Эх сурвалж: SkyNews
Нууцаар айл руу орж хүнс хулгайлдаг баавгайг эрэлд гарчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0