Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Бээжинд шахалт үзүүлэх гэсэн аливаа оролдлого бүтэлгүйтнэ гэж мэдэгджээ
2 жил өмнө   266
 Дотоод хэрэгтэй нь холбоотой асуудлаар Хятадад шахалт үзүүлэх гэсэн аливаа оролдлого бүтэлгүйтэх болно гэж тус улсын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны гадаад хэрэг эрхэлсэн комиссын тамгын газрын дарга Ян Жечи АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливантай даваа гарагт Ромд уулзах үеэрээ мэдэгджээ.
 
Ян Жечи, Жейк Салливан нарын өмнөх уулзалт өнгөрсөн оны 10 дугаар сард Цюрих хотод болсон юм. Дотоодын асуудлуудад тэрбээр Шинжаан, Төвөд, Хонконгийн асуудлуудыг хамааруулсан байна.
 
Шинжаан, Төвөд, Хонконгийн асуудал нь “Хятадын талын хамгийн чухал ашиг сонирхолд хамаарна" гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. "Эдгээр нь Хятадын дотоод хэрэг бөгөөд гадны хөндлөнгийн оролцоог тэвчихгүй. Энэ шалтгаанаар Хятадад шахалт үзүүлэх гэсэн аливаа оролдлого бүтэлгүйтэх болно" гэж Ян Жечи мэдэгдсэнийг “Синьхуа” агентлаг уламжилжээ. "Хоёр тал түүхээс суралцаж, харилцан хүндэтгэх зарчим болон энх тайвнаар зэрэгцэн орших үндсэн шугамыг хатуу баримталж, харилцан ашигтай хамтран ажиллах боломжийг ашиглах хэрэгтэй" гэж Ян Жечи нэмж хэлсэн байна.
 
АНУ-ын засаг захиргаанаас Тайванийн талаар явуулж буй үйл ажиллагаа нь “нэг Хятад” зарчмыг дагаж мөрдөх тухай тэдний үг яриатай зөрчилдөж байна гэж тэрбээр тэмдэглэжээ.
 
Түүний тэмдэглэснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өмнө нь түүний засаг захиргаа шинэ хүйтэн дайн эхлүүлэхийг хүсэхгүй, Хятадын улс төрийн тогтолцоог өөрчлөхийг эрмэлзэхгүй, олон улсын тавцанд Хятадын эсрэг эвсэл үүсгэхгүй гэж мэдэгджээ. "Америкийн тал Ерөнхийлөгч Байдены эдгээр амлалтыг биелүүлнэ гэж найдаж байна" гэж Хятадын өндөр албан тушаалын төлөөлөгч нэмж хэлсэн байна. Харилцан ашиг сонирхлын тухайд Ян Жечи олон улсын өнөөгийн нөхцөл байдалд Хятад, АНУ-ын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь хоёр талын ашиг сонирхолд нийцнэ хэмээн мэдэгдэв.
 
"Талууд зөрчилдөөнөө шийдвэрлэх, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар хоёр улсын тэргүүн нарын өмнө нь хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэх, түүнчлэн Хятад, АНУ-ын харилцааг "хэвийн, тогтвортой хөгжлийн зөв зам" руу буцаах нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй" гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.
 
Украины талаар хэлэлцэхдээ Ян Жечи нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд олон улсын хамтын нийгэмлэг яриа хэлэлцээг дэмжих ёстой гэж мэдэгджээ. Тэрбээр БНХАУ Украинд яаралтай тусламж хуваарилсныг дурдаад хүмүүнлэгийн томоохон хямралаас урьдчилан сэргийлэхэд хүчин чармайлт гаргасаар байх болно гэж цохон тэмдэглэсэн байна.
 
Эх сурвалж: MONTSAMEXinhua
Бээжинд шахалт үзүүлэх гэсэн аливаа оролдлого бүтэлгүйтнэ гэж мэдэгджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0