Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Эль Сальвадор улсад онц байдал зарлажээ
3 жил өмнө   443
Төв Америкийн Эль Сальвадор улсад сүүлийн өдрүүдэд гэмт хэргийн бүлэглэлүүд олон хүний амийг хөнөөсөн цуврал аллага үйлджээ.
 
Үүний улмаас тус улсын парламент Ням гарагт ерөнхийлөгч Найиб Букелед онц байдал зарлах эрх олгосон байна. Баасан гарагт Эль Сальвадор улсад 14 хүн алагдсан бол Бямба гарагт 62 хүн алагджээ. Харьцуулбал тус улсад өнгөрсөн хоёрдугаар сарын турш нийтдээ 79 аллага гарсан юм.
 
Хэдийгээр Эль Сальвадор улсад аллага, хүчирхийлэл их гардаг ч сүүлийн жилүүдэд ийм хэмжээнд хүрч байгаагүй ажээ. Бямба гарагт ерөнхийлөгч Букеле улс орон даяар онц байдал зарлах эрх олгохыг парламентаасаа хүссэн юм. Онц байдал 30 өдөр үргэлжлэх ба нөхцөл байдлаас шалтгаалан сунгагдах боломжтой.
 
Аллагыг нийслэл Сан Сальвадор хотын зарим дүүргүүдийг хянадаг гэмт хэргийн бүлэглэлүүд үйлдсэн байна. Эль Сальвадорын үндэсний цагдаагийн газар аллагыг захиалсан гэгдэж буй Мара Салватруча (MS-13) нэртэй гэмт хэргийн бүлгийн таван толгойлогчийг баривчилснаа өчигдөр мэдээлжээ.
 
Сөрөг хүчнийхэн ерөнхийлөгч Букелег гэмт хэргийн бүлэглэлүүдэд хоёр нүүр гаргадаг хэмээн шүүмжилдэг. Өнгөрсөн арванхоёрдугаар сард АНУ-ын сангийн яамнаас гаргасан тайланд Букелегийн засгийн газар тус улсын томоохон гэмт хэргийн бүлэглэлүүдтэй нууц тохиролцоо байгуулсан тухай мэдээлж байв.
 
Тухайлбал төрийн өндөр албан тушаалтнууд гэмт хэрэгтнүүдээс хээл хахууль авч, хариуд нь шоронд хоригдож байгаа толгойлогчдыг нь биеэ үнэлэгч, гар утсаар хангах боломж олгодог гэсэн мэдээлэл бий.
 
Харин олон нийтийн өмнө ярихдаа Букеле гэмт хэрэгтэй ширүүн тэмцэх хүсэл зорилгоо илэрхийлдэг юм.
 
Эль Сальвадорын улс төрд гүнзгий хямрал нүүрлэж, олон нийт тус улсын хоёр гол намд итгэх итгэл алдарсан үед бизнесмэн Букелегийн "Шинэ Санаа" нам сонгуулиар парламентад олонх болж, 2019 онд өөрөө ерөнхийлөгч болж байжээ.
 
100,000 хүн ам тутамд оногдох аллагын хэмжээгээр Эль Сальвадор улс дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд бичигддэг. Харин Букелегийн засаглалын эхний нэг жилд аллагын тоо эрс буурч байжээ.
 
Эх сурвалж: Associated Press
Эль Сальвадор улсад онц байдал зарлажээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0