ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мягмар гаригт тус улсад “найрсаг бус” хандаж буй орнууд болон олон улсын байгууллагуудын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авах зарлигт гарын үсэг зурж, баталгаажууллаа.
Тэрээр уг алхам нь баруун холбоотнууд ОХУ болон тус улсын иргэд, аж ахуй нэгжүүдэд хууль бус хориг тавьсан үйлдлийн эсрэг хариу арга хэмжээ гэж мэдэгдсэн юм.
Баримт бичигт, АНУ, Их Британи, Япон, Өмнөд Солонгос, Европын холбооны бүх гишүүн орнууд тэргүүтэй найрсаг бус орнуудын жагсаалтад багтсан орнуудад зарим нэр төрлийн түүхий эд, бараа бүтээгдэхүүн экспортлохыг хориглох. Хоригт багтсан барууны компаниудад бараа, материал нийлүүлэх гэрээг цуцлах. ОХУ-ын эсрэг найрсаг бус үйл ажиллагаа явуулсан хувь хүн, хуулийн этгээд, олон улсын байгууллагуудын гүйлгээг хаахаар заажээ.
Улмаар Кремлийн тэргүүн Засгийн газарт арав хоногийн дотор хориг арга хэмжээ авах улс орон, хувь хүн, хуулийн этгээд, олон улсын байгууллагын жагсаалтыг баталж, Төв банк болон Сангийн яаманд хориг арга хэмжээ мөрдүүлэхийг даалгасан байна.
Олон улсын ажиглагчид Кремлийн энэхүү шийдвэрийг барууны орнуудын хориг арга хэмжээний эсрэг өгч буй хамгийн хүчтэй цохилт гэж дүгнэж байгаа юм.
ОХУ-ын Сангийн сайд Антон Силуановын мэдээлснээр барууны орнууд тус улсын 300 тэрбум гаруй ам.долларын гадаад валютын нөөцийг царцаасан. Энэ нь манай хойд хөршийн нийт алт болон валютын нөөцийн тал хувьтай тэнцэж байгаа юм. Түүнчлэн эдийн засагчид барууны орнуудын хориг арга хэмжээ ОХУ-д ойролцоогоор 1.8 их наяд ам.долларын алдагдал учруулсан гэх тооцооллыг хийсэн. Энэ нь тус улсын хувьд 1991 онд ЗХУ задран унаснаас хойших хамгийн том эдийн засгийн уналт юм.
Эх сурвалж: Ria Novosti, TASS, Reuters
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин улс орнуудын эсрэг хориг арга хэмжээ авах зарлиг гаргалаа |
|