Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Цар тахал улс орных нь түүхэнд тохиолдож байгаагүй “томоохон хямрал” үүсгэснийг Ким Жон Ун мэдэгджээ
2 жил өмнө   365
Бямба гарагт Пёньян хотод болсон эрх баригч Хөдөлмөрчний Намын улс төрийн товчооны шуурхай хуралдааны үеэр Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун тус улсад дэгдээд буй коронавирусийн халдварын нөхцөл байдалтай танилцжээ.
 
Умард Солонгост цар тахлын хоёр жил гаруй хугацаанд ямар нэг өвчлөл бүртгэгдээгүй байсан юм.
 
Харин энэ долоо хоногт анх удаа хүн амынх нь дунд вирус тархсаныг хүлээн зөвшөөрч, халдварын тохиолдол, эндэгдлийн талаар тоо баримтаа зарлаж эхэлжээ.
 
Нас барсан хүний тоо сүүлийн 24 цагийн хугацаанд 21-ээр нэмэгдэж, нийт 27 хүрснийг өчигдөр болсон хурлын үеэр мэдээлсэн байна.
 
Нийтдээ 524,440 хүнээс халдварын шинж тэмдэг илэрсний 174,440 нь сүүлийн нэг хоногт нэмэгджээ. Халдварын шинж тэмдэг илэрсэн 243,630 хүнийг тусгаарлан эмчилж байгааг мэдээлсэн байна.
 
“Хор хөнөөлтэй өвчин тархсаны улмаас манай улс байгуулагдсан цагаасаа хойш хамгийн том хямралтай тулгараад байна. Гэхдээ бид цар тахалтай тэмцэх бодлогодоо анхаарал хандуулж, дээд зэргийн хатуу чанд зохион байгуулалттай байж, нам болон ард түмний эв нэгдлийг хангаж чадвал ялах бүрэн боломжтой” гэж Ким Жон Ун хурлын үеэр хэлснийг Солонгосын Төв Мэдээний Агентлаг дамжуулжээ.
 
Тэр бас цар тахалтай амжилттай тэмцэж буй Хятадын Коммунист Намын туршлагаас суралцахыг албаныхандаа даалгасан байна.
 
“Хятадын Коммунист Нам, тус улсын ард иргэдийн тахалтай тэмцсэн туршлага, ололт амжилтаас бид суралцах хэрэгтэй” гэж Ким Жон Ун хэлжээ.
 
Гадаадын судлаач нар эрүүл мэндийн систем сул дорой Умард Солонгост цар тахал ноцтой хохирол учруулж болзошгүй гэж үзэж байна.
 
Тус улсын эрх баригчид НҮБ-ын COVAX хөтөлбөрийн хүрээнд нийлүүлэхээр санал болгосон вакцинаас татгалзаж байв. Бас ОХУ, Хятад улсуудаас вакцин тусламжаар нийлүүлэх саналыг өмнө нь хүлээж аваагүй юм.
 
Тиймээс Умард Солонгосын 26 сая хүн ам бүхэлдээ коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаагүй байгаа ажээ.
 
 
 
Эх сурвалж: Reuters
Цар тахал улс орных нь түүхэнд тохиолдож байгаагүй “томоохон хямрал” үүсгэснийг Ким Жон Ун мэдэгджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0