Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Мариуполийн оршин суугчдад тулгарч буй сорилт
2 жил өмнө   354
Оросын эрхшээлд орсон Мариуполь боомт хотод хэдэн долоо хоногийн турш үргэлжилсэн буудалцаан сайн зүйлс дагуулсангүй. Бөмбөг дэлбэрэлт, аллага, пуужингийн цохилт гэх мэт аймшигтай нөхцөл байдлыг даган холер өвчин дэлгэрч, цаашлаад улс даяар тархах эрсдэлтэй байгаа талаар Их Британийн Батлан хамгаалах яамнаас мэдэгдэв.
 
НҮБ-аас мэдээлснээр, хотын ихэнх дэд бүтцийн байгууламжууд эвдэрсэн, сүйдсэн ба цэвэр ус нь бохиртойгоо холилдсон байна. Холер нь ихэвчлэн бохирдсон шингэн, хоол хүнс идэж, уухад халдварладаг бөгөөд ариун цэврийн шаардлага хангаагүйтэй шууд холбоотой байдаг. Гудамжин дахь цогцсууд, хог хаягдал нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөл байдлыг улам бүр нэмэгдүүлснээр холер гарах болжээ. Мариуполь хотод өмнө нь холер өвчний дэгдэлт гарч байсан. Гэхдээ давж чадсан ч сүүлийн нэг сарын хугацаанд холерын тохиолдол дахин бүртгэгдэж, өвчлөгсдийг тусгаарлаад байгаа аж.
 
 
Тус хотын украин гаралтай захирагч Вадим Бойченко “BBC Ukrainian”-д ярихдаа "Холер, цусан суулга болон бусад халдварт өвчин тус хотод хэдийнэ тархсан" гэж мэдэгдээд, илүү том дэгдэлтээс зайлсхийхийн тулд хотын хил хязгааруудыг хаасан" гэжээ. “BBC”-д энэхүү мэдэгдэл үнэн бодитой эсэхийг баталгаажуулж, сурвалжлах боломж олдоогүй байна. Учир нь Оросоос томилогдсон хотын дарга холерын тохиолдол бүртгэгдээгүй гэж мэдэгдсэн ба цэргүүдээсээ тогтмол шинжилгээ авдаг гэж онцолжээ. Үүнээс гадна холер өвчин бол украинчуудын худал мэдүүлэг гэж булзааруулан, тодорхой мэдээлэл өгөөгүй аж.
 
Украины Эрүүл мэндийн яам Мариуполиос мэдээлэл авах боломж хязгаарлагдмал гэж мэдэгдсэн. Тус улсын эзэмшилд буй нутаг дэвсгэрт шинжилгээ хийж, ямар ч тохиолдол илрүүлээгүй байна. Тиймээс оросуудын мэдэлд орсон Мариуполь хот дангаараа холерт нэрвэгдсэн гэж мэдэгджээ. Энэ долоо хоногийн эхээр НҮБ-аас Мариуполь хотын цэвэр ус бохир устай холилдсон нь холерын дэгдэлт гарах эрсдэлийг нэмэгдүүлсэн гэж мэдэгджээ.
 
Ариун цэврийн байгууламжийн дэд бүтцийг сүйтгэсэн нь усаар дамжих өвчин тархах үндэс суурийг тавьсан гэж Улаан загалмайн нийгэмлэг анхааруулав. Холер өвчин хүндэрвэл маш ноцтой үр дагавартай бөгөөд эмчлэхгүй бол өвчин хэдэн цагийн дотор үхэлд хүргэх аюултай аж. Энэ нь “Cholerae Vibrio” хэмээх нянгаар үүсгэгддэг ба хүмүүс хорхойтой хоол идэж, ус ууснаар халдвар авах хандлагатай байна.
 
Холер өвчний тархалт нь ариун цэврийн байгууламж, ундны устай нягт холбоотой. Учир нь ариун цэврийн байгууламж болон ундны усанд холерын нян тээсэн хорхой шавж орсноор үржиж, хүний бие махбодод нэвчин халдвар тараадаг байна. Энэ өвчин нь хямралын үед ихэвчлэн усаар дамжих ба ариун цэврийн хангамж тасалдсан, олон хүн нэг дор цугларч, унд уух зэргээс хамаарч зовлон зүдүүрийг нэмэгдүүлдэг өвчин аж.
 
Халдвар авсны дараа зарим хүмүүс усархаг суулгалт өгч, маш их шингэн алддаг. Тиймээс шингэн, антибиотикоор хурдан эмчилгээ хийх шаардлагатай. Хөнгөн, бага зэргийн шинж тэмдэг илрэх боломжтой. Өвчтэй хүмүүсийн ихэнх нь анх ямар ч шинж тэмдэггүй байдаг ч хорхойтой өтгөн гаргах боломжтой. Вакцин болон сайжруулсан ариун цэврийн байгууламж нь холерын дэгдэлтийг хянахад тусална.
 
Мариуполь хотын ариун цэврийн нөхцөл маш муу, гудамжинд овоолсон хог хаягдал, нуранги доорх цогцсууд хэвээр байгаа гэнэ. Өнгөрсөн долоо хоногт Мариуполь хотыг орхин явсан оршин суугч Анастасия Золотарова "Олон цогцос газар болон барилга дотор байна. Бүгд ялзарсан. Олон жоом, ялаа. Овоолсон шороо. Хэн ч гаргаж авдаггүй хог" гэж “ВВС”-д нөхцөл байдлыг дүрслэн ярьжээ.
 
Мариуполь хотод гурван сар гаруй үргэлжилсэн харгис халдлагын дараа өнгөрсөн тавдугаар сард Оросын мэдэлд орж, хот бүхэлдээ балгас болсон юм. Украины хотын дарга дөрөвдүгээр сард хэдийнэ 10 мянга гаруй энгийн иргэн амиа алдсан гэж мэдэгдсэн. Үүний дараа тулаан дахин хэдэн долоо хоногийн турш үргэлжилсэн нь амь үрэгдэгсдийн тоо хавьгүй их байх боломжтойг харуулсан. Олон тооны цогцсыг булшлах зорилгоор хотын эргэн тойронд түр оршуулгын газрууд баригдсан байна.
 
 
Өмнө нь байсан оршуулгын газрууд дүүрч, арын хашаа, цэцэрлэгт хүрээлэн зэрэг хоосон зай талбай хэдийнэ цогцсоор дүүрсэн гэж Бойчинко ярьжээ. Энэ долоо хоногийн эхээр Мариуполь хотын зөвлөлөөс холерын дэгдэлт олон арван мянган хүний аминд хүрч болзошгүйг анхааруулсан байна. Мөн эм тариа, эмнэлгийн хэрэгслийн хүрэлцээгүй байдлаас болж холерыг дарж чадахгүй байх магадлалтай гэжээ. Хотын зөвлөл эхний ээлжид өвчнийг цаашид дэгдээхгүйн тулд үүсгэх боломжтой зүйлсийг жагсаасан гэж мэдэгдэв.
 
"Оросууд манай халдварт өвчний эмнэлгийг бүх тоног төхөөрөмжийн хамт устгаж, эмч нарыг алсан" гэж Бойченко “ВВС”-д ярьжээ. Украины Мариуполь хотын өөр нэг албан тушаалтан саяхан тус хотод эмч нарын хомсдол үүссэнийг мэдэгдэж, Оросоос томилогдсон эрх баригчид тэтгэвэрт гарсан эмч нарыг, тэр ч байтугай 80-аас дээш насны эмч нарыг ажилдаа эргэн орохыг ятгаж байна гэж нэмж хэлэв.
 
Овоолсон нуранги дор буй цогцсууд Оросоос томилогдсон эрх баригчдын харуулахыг хүсдэг Мариуполь хотын дүр төрх биш юм. Тэд энэ хотыг хэвийн амьдралдаа эргэн ирж буй хот гэж худал тайлбар өгөхийг илүүд үздэг. Анги руугаа буцаж буй хүүхдүүд, хог түүж буй ачааны машинуудын зургийг олон нийтийн сүлжээнд нийтэлж, аймшигт аллага үйлдээгүй гэж итгүүлэхийг хүснэ. Гэхдээ хотын ихэнх хэсэг балгас  болсон хэвээр байгаа бөгөөд холер, эсвэл бусад халдварт өвчний дэгдэлт сүүлийн хэдэн сарын аймшигт явдлын дараа тэнд одоог хүртэл амьдарч байгаа 100 мянган хүний хувьд томоохон сорилт болж байна.
 
Эх сурвалж: BBC
Мариуполийн оршин суугчдад тулгарч буй сорилт
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0