Германы канцлер Олаф Шольцийн CBS сувгийн “Face the Nation” нэвтрүүлэгт өгсөн ярилцлага Ням гарагт цацагджээ.
Украины газар нутагт Оросын зэвсэгт хүчин халдан довтолсон явдал Европ тивийн хувьд “есдүгээр сарын 11” шиг сэрүүлэг болж чадсан эсэхийг канцлераас хөтлөгч Маргарет Бреннан асуусан байна.
“Аль нэг улс орны хувь заяаг хууль дүрэм бус, хүчтэй чадалтай нь шийддэг өнгөрсөн зууны арга барил өнөөдрийн дэлхий ертөнцөд нийцэхгүй болсон гэдэгт маш олон хүн итгэж найдаж байсан гэж би бодож байна. Хэн нэг нь газар нутгаа өөрчлөх, хилээ өөрчлөх, хөршөө эзлэн түрэмгийлэх гэж оролдох ёсгүй гэдэг ойлголттой болоод байлаа. Гэвч энэхүү нэгдсэн ойлголтыг өнөөдөр Путин эвдлээ” гэж Шольц хариулжээ.
Тэрбээр цааш нь ярихдаа “Путин юу бодож байна вэ? Тэр 17, 18, 19 дүгээр зууны империалистууд шиг сэтгэж байна. Улс үндэстний хамгийн гол зүйл бол хүч чадал бөгөөд хангалттай хүчтэй бол хөршүүдийнхээ газар нутгийг булаан авч болно гэж тэр бодож байна. Үүнийг бид хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй” гэсэн байна.
Энэ санаа нь биелэхгүй, амжилт олохгүйг Өрнөдийн удирдагчид Путинд ойлгуулж чадна гэж бодож байгаагаа Шольц илэрхийлжээ.
Украиныг эзлэн түрэмгийлэх дайн Европ тивийн улс төрийн амьдралд томоохон эргэлтүүдийг авчирсан юм.
Тухайлбал Герман улс дайн мөргөлдөөн өрнөж буй улс оронд хэзээ ч зэвсэг нийлүүлэхгүй гэсэн гадаад бодлогоосоо татгалзаад байна. Өнгөрсөн сард тус улсын засгийн газар Украинд байлдааны хүнд зэвсэг техник илгээсэн юм.
Мөн төвийг сахих уламжлалт гадаад бодлоготой Финланд, Швед улсууд Умард Атлантын цэргийн эвсэлд гишүүнээр элсэх өргөдлөө саяхан гаргасан билээ.
Эх сурвалж: Business Insider
Олаф Шольц: Дэлхийн нэг улс нөгөөгөө эзлэн түрэмгийлэхээ больсон гэдэг нэгдмэл ойлголтыг Путин эвдлээ |
|