Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Эстони улс Зөвлөлтийн танкийн хөшөөг буулгав
2 жил өмнө   284
Эстони улсын эрх баригчид өчигдөр тус улсын зүүн бүсийн Нарва хот дахь Зөвлөлтийн үеийн танкийн хөшөөг буулгажээ.
 
Тус улсын засгийн газар энэ оныг дуусахаас өмнө 200-400 орчим хуучин нийгмийн үлдэгдэл болсон хөшөө дурсгалыг буулгах шийдвэр гаргаад байгаа.
 
Украинд Оросын цэрэг халдан түрэмгийлсэн цаг үеэс хойш Зөвлөлтийн үеийн хөшөө дурсгалууд зөвхөн Эстонийн дотоод асуудал биш болсныг ерөнхий сайд Кая Каллас өчигдөр хэлжээ.
 
“Манай дайнч хөрш улс оронд маань хурцадмал байдал үүсгэхийг хэн ч харахыг хүсэхгүй байна. Бид Эстонийн энх тайван байдлыг алдагдуулахад өнгөрсөн түүхийг ашиглах боломжийг ОХУ-д олгох ёсгүй” гэж тэр хэлсэн байна.
 
1944-1991 оны хооронд Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд багтаж байсан Эстони улсын 1.3 сая хүн амын дөрөвний нэг нь орос үндэстнүүд юм.
 
Хөшөөг буулгасан Нарва хот нь ОХУ-тай хил залгаа нутагт оршдог бөгөөд оршин суугчдынх нь ердөө 4 хувь эстони үндэстэн, 80 гаруй хувь нь оросууд ажээ.
 
Тус хот дахь T-34 танкийн хөшөө болон өөр хоёр хөшөөг буулгах ажил Мягмар гарагийн үүрээр эхэлсэн байна. Танкийг нийслэл Таллин хотын ойролцоох Эстонийн үндэсний музейд байрлуулах ажээ.
 
Өмнө нь Эстонид Зөвлөлтийн үеийн хөшөө дурсгалыг буулгах үеэр зөрчил мөргөлдөөн гарч байсан түүхтэй. Тухайлбал 2007 оны дөрөвдүгээр сард Таллин дахь Зөвлөлтийн цэргийн хүрэл хөшөөг буулгах үеэр эмх замбараагүй байдал үүсэж, эсэргүүцэгч орос үндэстэн амиа алдаж байжээ.
 
Эстонийн эрх баригчид Зөвлөлтийн үеийн хөшөө дурсгалуудыг буулгах шийдвэр гаргасны дараа Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Европ тивийг фашизмаас аварсан хүмүүсийн хөшөөг устгах нь мэдээж хэрээс хэтэрсэн үйлдэл. Аль ч улс үндэстэн ингэх гавьяагүй юм” гэж мэдэгдэж байв.
 
Эстонийн хөрш улсуудад бас Украины дайнтай холбоотой Оросын нөлөөг хязгаарлах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсээр байна.
 
Латви улсын парламент өнгөрсөн зургадугаар сард Зөвлөлтийн үеийн хөшөө дурсгалуудыг энэ оны арван нэгдүгээр сарын 15-ны дотор буулгах шийдвэр гаргасан юм.
 
Финланд улс өчигдөр Оросын жуулчдад олгодог визийн тоо хэмжээгээ эрс хязгаарлах шийдвэр гаргажээ. Одоо тус улс өдөрт 1,000 виз олгох хязгаартай байдаг бол есдүгээр сарын 1-нээс 10 дахин бууруулахаар болсон юм.
 
Тус улсын эрх баригчид бас Европын Холбооны орнуудад зорчих Оросын жуулчдын визийг хязгаарлах санаачилгыг хөрш орнуудын хамт гаргаад байгаа.
 
Оросын цэрэг Украинд энгийн иргэдийг алж хядаж байхад иргэд нь Европт аялж, зугаалж байх зохимжгүй гэж үзэж байгаагаа Финландын ерөнхий сайд Санна Марин дахин дахин илэрхийлж байна.
 
 
 
Эх сурвалж: The Guardian
Эстони улс Зөвлөлтийн танкийн хөшөөг буулгав
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0