Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
АНУ-ын дэд ерөнхийлөгчийн гэрийн гадаа гурван автобус дүүрэн цагаач буулгажээ
1 жил өмнө   1285
АНУ-ын өмнөд хилээр нэвтэрсэн цагаачдыг тээвэрлэсэн гурван автобус Бямба гарагийн орой нийслэл Вашингтон хот дахь тус улсын дэд ерөнхийлөгч Камала Харрисын гэрийн гадаа иржээ.
 
Автобуснуудад нийтдээ 110-130 орчим цагаач байсныг хүмүүнлэгийн байгууллагын ажилтан мэдээлсэн байна.
 
Бямба гараг Вашингтон хотын түүхэнд Зул сарын баярын өмнөх хамгийн хүйтэн өдөр байсан ба агаарын температур Цельсийн -9 хэм хүрч байжээ. Ийм хүйтэнд гадуур хувцасгүй ирсэн цагаачдад дулаан хөнжил тарааж, ойролцоох сүмд хүргэх, хооллох ажлыг хүмүүнлэгийн байгууллагын ажилчид зохион байгуулсан байна.
 
Цагаачдын ихэнх нь Вашингтонд түр саатаад АНУ-ын бусад бүс нутгууд руу явах ажээ.
 
Цагаачдыг дэд ерөнхийлөгчийн гэрийн гадна буулгасан нь тохиолдлын хэрэг биш юм. Ардчилсан намын засаг захиргаа цагаачлалын бодлогыг зөөлрүүлсний улмаас АНУ-Мексикийн хилээр нэвтрэх хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн.
 
Дэд ерөнхийлөгч Камала Харрисын гэрийн гадаа буулгасан цагаачдыг Мексиктэй хил залгаа Техас мужаас илгээжээ.
 
Цагаачлалын асуудалд Цагаан ордны анхаарлыг хандуулахын тулд Техасын захирагч Грэг Аббот өмнө нь бас ийм арга хэмжээ авч байсан удаатай.
 
Харин Бямба гарагт Вашингтонд ирсэн цагаачдыг илгээсэн эсэх талаараа Техас мужийн захиргаа одоохондоо тодруулга өгөөгүй байна.
 
Энэ оны дөрөвдүгээр сараас хойш Вашингтон, Нью-Йорк, Чикаго, Филадельфи хотууд руу нийт 15,000 гаруй цагаачийг автобусаар илгээснээ тус мужийн захиргаа өнгөрсөн долоо хоногт мэдээлж байжээ.
 
Аббот болон Аризона мужийн захирагч Даг Дюси нар Бүгд Найрамдах намын улс төрчид бөгөөд ерөнхийлөгч Байдены засаг захиргааны цагаачлалын бодлогыг хүчтэй шүүмжлэгчид юм.
 
 
 
Эх сурвалж: Associated Press
АНУ-ын дэд ерөнхийлөгчийн гэрийн гадаа гурван автобус дүүрэн цагаач буулгажээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0