Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Нидерландын үндэсний архив нацистуудын нуусан алт эрдэнэс байгаа газрын зургийг ил болгожээ
1 жил өмнө   337
Нидерланд улсын үндэсний архивын газар саяхан дэлхийн хоёрдугаар дайны үед нацистуудын нуусан алт эрдэнэс байгаа гэх газрын зургийг нийтэд ил болгожээ.
 
Дайн дуусахын өмнөхөн буюу 1945 оны дөрөвдүгээр сард Нидерландын зүүн бүсийн Арнхэм хот холбоотнуудад бөмбөгдүүлэх үеэр тус хотын банкнаас их хэмжээний алт, үнэт эрдэнэс, зоос зэргийг Нацист Германы дөрвөн цэрэг сумны хайрцагт хийн зөөж, нэг газарт булсан гэдэг.
 
Булагдсан эд зүйлсийн үнэлгээ $19.1 саяын үнэ хүрнэ гэсэн тооцоо байдаг юм.
 
Холланд мужийн Бурен хотын ойролцоох Оммерен тосгоны дэргэд эрдэнэсийг булсан гэж үзэж байжээ.
 
Үндэсний Архивын задруулсан газрын зурагт ч үүнийг дүрсэлсэн байна.
 
Эрдэнэсийг эрж хайх ажил өмнө нь хэд хэдэн удаа хийгдсэн ч олдож байгаагүй юм. Харин газрын зургийг нийтэд ил болгосон нь эрдэнэсийн эрэлчдийн анхаарлыг дахин татаж эхэлжээ.
 
Үүнтэй холбоотойгоор Бурен хотын захиргаа вэбсайтдаа анхааруулга гаргасан байна.
 
“Энэ газар дэлхийн хоёрдугаар дайны фронтод ойрхон байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Тиймээс тэнд газар ухвал дэлбэрээгүй бөмбөг, мина, гранат байж болзошгүй тул маш аюултай юм. Ийм шалтгаанаар бид нацистуудын нуусан эрдэнэсийг хайхгүй байхыг зөвлөж байна” гэх уг мэдэгдэлд өгүүлжээ.
 
Өнгөрсөн долоо хоногт Нидерландын үндэсний архив 1,300 гаруй бичиг баримтыг нууцаас ил гаргасан юм. Тэдгээрийн дотор 1946-1947 оны үед Нидерландын эрх баригчдын нуусан эрдэнэсийг илрүүлэх ажиллагаанууд бүтэлгүйтсэн тухай материалууд байжээ.
 
Германы олзны цэрэг Хелмутын өгсөн мэдээллээр Нидерландын эрх баригчид гурван удаа эрэл зохион байгуулаад эрдэнэсийг олж чадаагүй юм байна.
 
Сүүлдээ Герман цэрэг амьд үлдэж, суллагдахын тулд худал ярьсан байж магадгүй гэж сэжиглэж байжээ.
 
Өөр нэг хувилбар яригддаг нь нуусан эрдэнэсийг АНУ-ын цэргүүд олж авсан байх гэдэг таамаг юм байна.
 
Учир нь Нидерландын тал гурав дахь удаагаа эрлийн ажиллагаа зохион байгуулах үеэр АНУ-ын армийн хоёр офицер хайгуулын багтай холбогдоод “та нарыг юу хайгаад байгааг мэдэхгүй юм. Гэхдээ өөрсдийнхөө хариуцсан юманд л оролц, энэ бол бидний асуудал” гэж хэлж байсан баримт үлджээ.
 
 
 
Эх сурвалж: Business Insider
Нидерландын үндэсний архив нацистуудын нуусан алт эрдэнэс байгаа газрын зургийг ил болгожээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0