Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Авлигын дуулиантай холбоотойгоор Вьетнамын ерөнхийлөгч огцорлоо
1 жил өмнө   267
Вьетнам улсын ерөнхийлөгч Нгуен Суан Фүк албан тушаалаасаа огцорч байгааг өчигдөр зарлажээ.
 
Түүнийг ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаанд танхимд нь ажиллаж байсан албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсон нь ийм шийдвэр гаргахад хүргэсэн байна.
 
69 настай Фүк 2021 онд ерөнхийлөгч болсон бөгөөд өмнө нь 2016-2021 онуудад ерөнхий сайдаар ажиллаж байжээ.
 
Сүүлийн үед Вьетнамын Коммунист Нам авлигатай хатуу тэмцэл явуулж, зөвхөн 2022 онд 539 гишүүнээ шийтгэсэн юм.
 
Өнгөрсөн онд тус улсын цагдаагийн газар авлига, албан тушаалын 453 хэрэг нээн шалгасан нь өмнөх оныхоос 50 орчим хувийн өссөн үзүүлэлт болжээ.
 
Энэ сарын эхээр Фүкийн танхимд ажиллаж байсан хоёр шадар сайд албан тушаалаасаа огцорч, хоёр сайд болон бусад хэд хэдэн албан тушаалтан шалгагдаж эхэлсэн юм.
 
Коммунист Намын мэдэгдэлд Фүкийн байгуулсан гавьяа, ололт амжилтыг магтсан ч доод албан тушаалтнуудынхаа хууль бус үйлдлийн хариуцлагыг давхар үүрэх ёстойг онцолжээ.
 
Вьетнамын коммунист намын шийдвэрүүд хаалттай хаалганы цаана гардаг тул болж буй үйл явдлыг бүрэн ойлгоход хэцүү байдаг.
 
Гэхдээ ерөнхийлөгчийн огцорсон шалтгааныг намын ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фү Чоны нөлөө Вьетнамын улс төрд нэмэгдэж байгаагийн илрэл гэж ажиглагчид үзэж байна.
 
 
Вьетнамын коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фү Чон
 
Тэрбээр өнгөрсөн онд гурав дахь удаагаа Вьетнамын Коммунист Намын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон нь урьд өмнө гарч байгаагүй үзэгдэл болсон юм.
 
Түүнийг хатуу коммунист чиг шугам баримтлагч, өрнөдийн болон бизнесийн талыг дэмжигч либерал бодлогод халтай хүн гэдэг.
 
Гэхдээ энэ өөрчлөлт Вьетнамын ерөнхий хөгжлийн бодлого, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад саад болохгүй гэж ажиглагчид дүгнэж байна.
 
Вьетнамын төрийн “дөрвөн багана” болсон өндөр албан тушаал байдаг нь коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга, ерөнхийлөгч, ерөнхий сайд, үндэсний ассамблейн дарга юм.
 
Эдгээрээс хамгийн хүчтэй нь намын ерөнхий нарийн бичгийн дарга гэгддэг.
 
Ерөнхийлөгчийн албан тушаалыг намын ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фү Чон түр хавсран гүйцэтгэх бололтой.
 
Өнөөдөр хуралдах Вьетнамын парламент буюу Үндэсний Ассамблейн чуулганаар ерөнхийлөгчийн огцрох хүсэлтийг хэлэлцэж, албажуулах юм байна.
 
 
 
Эх сурвалж: BBC
Авлигын дуулиантай холбоотойгоор Вьетнамын ерөнхийлөгч огцорлоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0