Баасан гарагт Германы Рамштайн агаарын баазад 50 улсын батлан хамгаалахын сайд нар чуулж, Украинд үзүүлэх зэр зэвсгийн шинэ багцыг хэлэлцэж тохирсон билээ.
Гэхдээ Киевийн эрх баригчдын хамгийн их хүсэж буй Германд үйлдвэрлэсэн Leopard 2 танкийг нийлүүлэх тал дээр нэгдсэн тохиролцоонд хүрч чадаагүй юм. Гол нь уг танкийг үйлдвэрлэгч Герман улс шийдвэрээ гаргаж чадаагүйтэй холбоотой.
Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш энх тайванч гадаад бодлого сахих болсон Германы эрх баригчид ийм төрлийн зэвсэг нийлүүлбэл гадаадад өрнөж буй дайнд илүү гүнзгий татагдан орохоос болгоомжилж байгаа юм.
Германы батлан хамгаалахын сайд Борис Писториус “Шийдвэр хэзээ эцэслэн гарахыг, ямар шийдвэр гарахыг бид одоогоор хэлэх боломжгүй” гэж сэтгүүлчдэд мэдэгджээ.
Бямба гарагт Украины тал холбоотнуудынхаа шийдэмгий бус байдлыг шүүмжилсэн байна.
“Хойшлогдсон өдөр бүр украинчуудын үхэл нэмэгдэж байна. Түргэн шийдвэрлэх хэрэгтэй” гэж Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк твиттер хуудсандаа бичжээ.
Холбоотнуудын төлөөлөл болсон хэд хэдэн улс Украины эрх баригчдын шүүмжлэлийг дэмжиж, Германы засгийн газарт түргэн шийдвэрээ гаргахыг уриалсан байна.
Тухайлбал Балтын тэнгисийн эргийн орнууд болох Латви, Эстони, Литвийн удирдагчид Leopard танкуудаа илгээхийг Германы талд уриалжээ.
“Энэ бол Оросын эзлэн түрэмгийллийг зогсооход Украинд туслах, Европ тивд энх тайван байдлыг богино хугацаанд тогтооход чухал шаардлагатай зэвсэг. Герман улс Европын тэргүүлэгч гүрнийхээ хувьд энэ тал дээр онцгой үүрэг хүлээх ёстой” гэж Латвийн гадаад хэргийн сайд Эдгарс Ринкевич мэдэгдсэн байна.
АНУ өөрийн үйлдвэрийн Abrams танкийг Украинд илгээхээс татгалзаж байгаа нь хүмүүсийг сургах, засвар үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй гэж үзэж байгаатай холбоотой юм.
Өмнө нь Германы эрх баригчид хэрвээ АНУ өөрийн танкийг Украинд илгээвэл жишгийг дагахаа амлаж байжээ.
Leopard 2 танкийн хувьд Украины дайны нөхцөл байдалд илүү зохимжтой гэгдэж байгаа. Европын олон улс орон уг танкийг армийнхаа зэвсэглэлд ашигладаг.
Харин Украины армид зөвхөн Зөвлөлтийн үеийн болон Зөвлөлт задарсны дараа ОХУ-д үйлдвэрлэгдсэн танкууд байдаг.
Киевийн эрх баригчид 300 ширхэг Leopard 2 танктай бол Оросын армийг эзлэгдсэн нутаг дэвсгэрээсээ ухраах боломжтой гэж тооцоолж байгаа.
Харин өрнөдийн шинжээчид 100 байхад хангалттай гэж үзэж байна.
Германаас авсан танкаа гадаадад илгээхийн тулд бусад орнууд Берлиний эрх баригчдаас ре-эскпортын зөвшөөрөл авах шаардлагатай юм.
Одоогоор Польш улс ийм зөвшөөрөлгүйгээр Leopard 2 танкуудаа Украинд илгээхээ мэдэгдээд байна.
Leopard 2 танк нь анх 1979 онд үйлдвэрлэгдэж байжээ. Уг танк 500 км-ийн хязгаар дотор тулалдах, 68 км/цаг хурдлах чадвартай бөгөөд 120 мм-ийн их буунаас гадна хоёр ширхэг хөнгөн пулемётоор тоноглогдсон байдаг.
Саяхан Киевт зочилсон АНУ-ын Бүгд Найрамдах намын сенатор Линдси Грэм бүх талуудыг Украинд танк нийлүүлэхийг уриалсан байна.
“Германчуудад: Украинд шаардлагатай танкуудыг нь илгээхийг уриалж байна. Путин Украинд ялагдах нь танай үндэсний эрх ашигт нийцнэ. Байдены засаг захиргаанд: Бусдад үлгэр жишээ болох үүднээс Америкийн танкуудыг Украинд илгээхийг уриалж байна” гэж тэр твиттер хуудсандаа бичжээ.
Эх сурвалж: AFP
Германд үйлдвэрлэсэн танкийг нийлүүлэх асуудлаар нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй холбоотнуудаа Украин шүүмжлэв |
|