Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
АНУ-ын эрх баригчид бага оврын цөмийн реакторын дизайнд анх удаа зөвшөөрөл олголоо
1 жил өмнө   256
АНУ-ын цөмийн эрчим хүчний зохицуулах байгууллага NRC (Nuclear Regulatory Commission) бага оврын цөмийн реакторын дизайнд анх удаа зөвшөөрөл олгожээ.
 
Ингэснээр эрчим хүчний компаниуд уг зөвшөөрөлтэй дизайныг шинэ төсөл хэрэгжүүлэхдээ авч ашиглах боломжтой болж байгаа юм.
 
Цөмийн эрчим хүчний цоо шинэ салбарын эхлэлийг тавьсан чухал алхам гэж мэргэжилтнүүд үүнийг үнэлж байна.
 
“Одоогоос эхлээд SMR (Small Modular Reactor) гэдэг нь хийсвэр ойлголт байхаа больж байна” гэж АНУ-ын эрчим хүчний яамны мэдэгдэлд өгүүлжээ.
 
Гэхдээ орчин үеийн бага оврын цөмийн реактор нь уламжлалт цөмийн станцуудтай өрсөлдөж чадах эсэх нь цаашдын туршилт, судалгааны үр дүнгээс харагдах юм.
 
Өөрөөр хэлбэл SMR-ийг амьдралд бодитой нэвтрүүлэхэд дахиад хэдэн жилийн хугацаа шаардлагатай.
 
Цөмийн цахилгаан станцууд нь хүлэмжийн хий ялгаруулдаггүй ч хортой хог хаягдал үүсгэдэг нь маргаан дагуулдаг.
 
Гэхдээ нар, салхи зэрэг цаг агаараас хамааралтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн дутуу орон зайг нөхөхөд чухал үүрэгтэй гэж үздэг.
 
Шинэ үеийн SMR нь овор хэмжээ багатай ч өргөтгөн угсрах боломжтой бүтэцтэй (модуль), үйлдвэрлэх, суурилуулахад хямд өртөгтэй гэгддэг.
 
Анхны зөвшөөрлөө авсан дизайн нь уламжлалт реактораас гурав дахин бага овор хэмжээтэй бөгөөд 2000-аад оны үед Орегон мужийн их сургуульд анх санааг нь гаргаж байжээ.
 
АНУ-ын эрчим хүчний яам 2014 оноос хойш уг төслийг хөгжүүлэгч NuScale Power компанид $600 саяын хөрөнгө оруулсан юм байна.
 
Одоо эрчим хүчний яам тус компанитай хамтран Utah Associated Municipal Power Systems цахилгаан станц дээр туршилтын үйлдвэрлэл явуулахаар бэлдэж байгаа гэнэ.
 
2029 онд реакторын эхний модуль эрчим хүч үйлдвэрлэж эхлэх бол дараа жил нь бүрэн ашиглалтад орох юм байна.
 
Нэг модуль нь 50 Мега Ватт хүртэл эрчим хүч үйлдвэрлэх багтаамжтайгаар зөвшөөрлөө авчээ. Гэхдээ NuScale Power үүнийг 77 Мега Ватт болгон ахиулах боломжтой гэж үзэж байна.
 
Туршилтын бага оврын станц нь зургаан модулиас бүрдэх бөгөөд нийтдээ 462 Мега Ватт эрчим хүч үйлдвэрлэх багтаамжтай байх ажээ.
 
 
 
Эх сурвалж: The Verge
АНУ-ын эрх баригчид бага оврын цөмийн реакторын дизайнд анх удаа зөвшөөрөл олголоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0