Вьетнамын дайны үеэр солонгос цэргүүдэд гэр бүлийнхнийгээ алуулж, өөрөө буудуулж шархадсан эмэгтэйн хохирлыг барагдуулах шийдвэрийг Өмнөд Солонгосын шүүх өчигдөр гаргажээ.
1968 онд төв Вьетнамын Куан Нам мужийн Пон Ни тосгоны 70 оршин суугчийг АНУ-ын талд байлдаж байсан Өмнөд Солонгосын тэнгисийн цэргүүд хядсан аймшигт аллага гарч байв.
Энэхүү дайны гэмт хэрэгт засгийн газраа буруутай гэж үзэж, хохирлыг төлж барагдуулах шийдвэрийг Өмнөд Солонгосын шүүх анх удаа гаргасан нь энэ юм.
Шүүхийн шийдвэрийн дагуу тус улсын засгийн газар Вьетнамын иргэн Нгуен Ти Танд 30 сая воныг ($24,000) хүүтэй нь тооцож төлөхөөр болсон байна.
Одоо 63 настай хохирогч эмэгтэй шүүх хуралд видео холбоогоор оролцож, шийдвэрийг талархан хүлээж авснаа илэрхийлжээ.
Тэрбээр аллага гарах үед найман настай байсан бөгөөд гэдсэндээ буудуулж шархдаад эмнэлэгт бараг нэг жил эмчлүүлсний эцэст амьд гарч байсан гэдэг.
Хохирогч 2020 онд анх Сөүл хотын шүүхэд өмгөөлөгчөөрөө дамжуулан гомдол гаргаж байжээ.
1964-1973 оны хооронд Вьетнамын дайнд Өмнөд Солонгосын нийт 320,000 цэрэг оролцож байв. Тус улсыг тухайн үед удирдаж байсан генерал Пак Чун Хэ коммунистуудтай хийх дайнд АНУ-ыг дэмжиж оролцох шийдвэр гаргаж байжээ.
Вьетнамын дайнд оролцсон цэргүүдийнхээ тоогоор Өмнөд Солонгос нь АНУ-ын дараа хоёрт жагсдаг.
Дайны үеэр солонгос цэргүүдийн энгийн иргэдийн эсрэг үйлдсэн аллага, гэмт хэрэг хэд хэдэн газарт бүртгэгдсэн байдаг ч Сөүлийн эрх баригчид эдгээрийг огт хүлээн зөвшөөрч байгаагүй юм.
Эх сурвалж: Aljazeera
Өмнөд Солонгосын шүүх анх удаа Вьетнамын дайнд хэлмэгдэгчийн хохирлыг барагдуулах шийдвэр гаргажээ |
|