Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
АНУ-ын дрон ОХУ-ын сөнөөгч онгоцтой тулгарсны дараа унажээ
1 жил өмнө   323
Мягмар гарагт Хар тэнгисийн усан дээр тандалтын нислэг үйлдэж байсан АНУ-ын дрон ОХУ-ын сөнөөгч онгоцнуудтай тулгарсны дараа унасан тухай Пентагон мэдээлжээ.
 
Украины дайны улмаас хоёр улсын хооронд мөргөлдөөн гарах эрсдэл өндөр байгааг дээрх үйл явдал харуулж байна.
 
Олон улсын агаарын орон зайд хуваарьт нислэг үйлдэж байсан нисгэгчгүй онгоцыг Оросын хоёр сөнөөгч онгоц саатуулахыг оролдсоноос ийм осол гарсан тухай АНУ-ын тал тайлбарлажээ.
 
Харин ОХУ-ын тал үүнийг дрон “огцом маневр” хийх үедээ унасан ба өөрийнх нь онгоцнууд үүнд шууд нөлөөлөөгүй гэж мэдэгдсэн байна.
 
Бас MQ-9 Reaper дроныг энэ үед транспондероо унтраасан байсан гэж Оросын тал буруутгажээ. Транспондер нь нисэх онгоцны байрлалыг мэдээлдэг харилцаа холбооны төхөөрөмж юм.
 
MQ-9 Reaper нь 20 метр урт далавчтай, голдуу тандалт, тагнуулын зориулалтаар ашиглагддаг дрон.
 
Агаарын тулгаралт Улаанбаатарын цагаар өчигдөр өдрийн 2:03 цагийн орчимд болсон юм байна.
 
“Манай MQ-9 дрон олон улсын агаарын орон зайд ердийн хуваарьт нислэгээ үйлдэж байх үед ОХУ-ын нисэх онгоц саатуулж, мөргөсний улмаас осолдсон байна. Мөргөлдөхөөс өмнө Су-27 сөнөөгч онгоцнууд дроны дээрээс түлшээ асгасан нь “байгаль орчинд халтай, мэргэжлийн бус үйлдэл” байлаа” гэж АНУ-ын тал мэдэгджээ. Энэ үеэр Оросын сөнөөгч онгоц ч бас гэмтсэн байх магадлалтай гэнэ.
 
Өчигдөр АНУ-ын засаг захиргаа Вашингтон дахь ОХУ-ын элчин сайд Анатолий Антоновыг дуудан уулзаж, болсон явдалд эсэргүүцэл илэрхийлсэн байна.
 
Уулзалтын дараа энэ эсэргүүцлийг Москва “өдөөн хатгалга” гэж үзэж байгаа тухай Антонов ярьсныг Оросын хэвлэл мэдээлжээ.
 
Украинд эзлэн түрэмгийлэх дайн эхэлснээс хойш АНУ, Их Британи зэрэг холбоотнууд Хар тэнгисийн бүс нутагт тагнуулын үйл ажиллагаагаа нэмэгдүүлсэн гэдэг. Гэхдээ ийм зорилготой нислэгүүд нь үргэлж олон улсын агаарын орон зайд үйлдэгдэж байгаа гэсэн мэдээлэл бий.
 
Өчигдөр болсон үйл явдлын гол асуудал нь Оросын тал АНУ-ын дроны үйл ажиллагааг тасалдуулахыг оролдох үед гарсан санамсаргүй осол байсан уу, эсвэл анхнаасаа унагах зорилготой байсан уу гэдэгт оршиж байна.
 
Хэрвээ санаатай унагах зорилго агуулсан бол энэ нь АНУ ийм тохиолдолд ямар хариу арга хэмжээ авахыг Оросын тал шалгаж, туршсан хэрэг байж болох юм.
 
Одоо АНУ болон түүний холбоотнууд болсон явдлын хариуд авах арга хэмжээгээ төлөвлөж байна.
 
 
 
Эх сурвалж: BBC
АНУ-ын дрон ОХУ-ын сөнөөгч онгоцтой тулгарсны дараа унажээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0