Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Эсэргүүцэлтэй тулгарсан Өмнөд Солонгосын засгийн газар ажлын цагийн хязгаарыг өөрчлөх санаагаа эргэж харахаар болов
1 жил өмнө   260
Өмнөд Солонгосын засгийн газар одоо үйлчилж буй долоо хоногийн ажлын цагийн дээд хязгаар болох 52 цагийг 69 болгох төлөвлөгөөг саяхан танилцуулсан билээ.
 
Одоо тус улсын компаниуд ажилтнаа долоо хоногийн таван өдөр 40 цаг ажиллуулах стандарт нөхцөлөөс гадна дээд тал нь 12 цаг илүү ажиллуулах зөвшөөрөгдсөн хэмжээтэй байдаг.
 
Гэхдээ үүнийг уян хатан биш гэж үзээд долоо хоногийн дээд хязгаарыг 69 болгон нэмэгдүүлсэн ч жилийн дунджийг 52 цагтаа хязгаарлах санаа гаргаад байв.
 
Өөрөөр хэлбэл ажил ихтэй үед илүү олон цагаар ажиллаж, ажил багатай үед нөхөж цөөн цагаар ажиллуулах боломжийг компаниудад олгох гэж байгаа юм.
 
Гэвч Өмнөд Солонгосын залуу үеийнхэн энэ санааг хүчтэй эсэргүүцэж эхэлсэн тул ерөнхийлөгч Юн Сүк Ёл засгийн газрынхаа холбогдох агентлагуудад төлөвлөгөөг эргэж харах даалгавар өгчээ.
 
Ингэхдээ “олон нийтийн санаа бодлыг тусгах, ялангуяа “z generation”, “millenials” гэгддэг залуу үеийнхний санаа бодлыг сайн тусгах” чиглэл өгснийг ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.
 
Хувийн хэвшлийг дэмжих бодлоготой ерөнхийлөгч Юн Сүк Ёл долоо хоногийн ажлын цагийн хязгаарыг уян хатан болгох санааг анх дэмжиж байсан юм.
 
Харин үйлдвэрчний эвлэлүүд энэ санааг эсэргүүцэж байжээ.
 
Их Британи зэрэг өндөр хөгжилтэй орнуудад ажлын дөрвөн өдөртэй долоо хоногийн систем нэвтэрч эхэлж байхад уртасгасан цагаар ажиллах соёлоороо алдартай Өмнөд Солонгост нөхцөл байдлыг улам хүндрүүлэх зохимжгүй гэж тэд үзэж байв.
 
2021 онд Өмнөд Солонгосын нэг ажилтан дунджаар 1,915 цаг ажилласан нь Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагын (OECD) гишүүн орнуудын дунджаас 199 цагаар илүү байжээ.
 
Тухайлбал Герман улсын дунджаас 566 цагаар илүү байсан юм.
 
Өмнөд Солонгос улс 2018 онд одоогийн 52 цагийн системд шилжиж байжээ. Гэхдээ энэ нь долоо хоног бүрийн ажлын цагийн дээд хязгаарыг жигд хатуу тогтоосон тул дутагдалтай гэж бизнесийн байгууллагууд үздэг байв.
 
Хэрвээ 69 цагийн шинэ системд шилжвэл дундаж ажилтан хамгийн их ачаалалтай үедээ долоо хоногийн таван өдөр өглөөний 9:00 цагаас шөнө дунд хүртэл ажиллах юм.
 
 
 
Эх сурвалж: The Guardian
Эсэргүүцэлтэй тулгарсан Өмнөд Солонгосын засгийн газар ажлын цагийн хязгаарыг өөрчлөх санаагаа эргэж харахаар болов
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0