Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Хар тэнгист унасан АНУ-ын дроны үлдэгдлийг олж авахаар ажиллаж байгаагаа ОХУ-ын тал мэдэгджээ
1 жил өмнө   270
Мягмар гарагт Хар тэнгисийн дээр олон улсын агаарын орон зайд АНУ-ын тагнуулын дрон, ОХУ-ын сөнөөгч онгоцтой тулгарсан билээ.
 
Оросын Су-27 сөнөөгч онгоцтой мөргөлдсөний дараа MQ-9 Reaper нисгэгчгүй онгоц тэнгисийн усанд унасан юм. Эхлээд Оросын хоёр сөнөөгч онгоц дроныг дагаж нисэхдээ дээрээс нь хэд хэдэн удаа шатахуунаа асгаж, нислэгт нь саад учруулахыг оролдсон гэгдэж байгаа.
 
Сөргөлдөөн 30-40 минут үргэлжилсний дараа нэг сөнөөгч онгоц сэнсийг нь мөргөж гэмтээсэн тул дрон унасан байна. Энэ үеэр Оросын сөнөөгч онгоц ч бас гэмтэл авсан гэж АНУ-ын тал үзэж байгаа юм.
 
Тэгвэл өчигдөр ОХУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев телевизээр ярихдаа АНУ-ын унасан дроны үлдэгдлийг олж авахаар ажиллаж байгаагаа мэдэгдсэн байна.
 
“Үлдэгдлийг тэнгисийн уснаас олж чадах эсэхээ мэдэхгүй байгаа ч бид энэ ажлыг гүйцэтгэнэ” гэж тэр ярьжээ.
 
Хар тэнгист АНУ-ын дрон нисэж байсан нь тус улс Украины дайнд шууд оролцож байгаагийн нэг баталгаа болохыг Патрушев энэ үеэр хэлсэн байна.
 
Цагаан ордны төлөөлөгч Жон Кирби өчигдөр хийсэн мэдэгдэлдээ АНУ бас унасан дроны үлдэгдлийг хайж байгааг баталжээ. Гэхдээ Оросын тал түрүүлж олж авсан ч ашигтай мэдээлэл алдагдах эрсдэл маш бага болохыг тэр хэлсэн байна.
 
Дараа нь АНУ-ын зэвсэгт хүчний жанжин штабын дарга, генерал Марк Милли бас унасан дроноос ашигтай мэдээлэл алдагдах боломжгүй болгох арга хэмжээг авснаа мэдэгдсэн юм.
 
1,200-1,500 метрийн гүнтэй тэнгисийн уснаас дроны үлдэгдлийг гаргаж авах нь маш хэцүү ажил болохыг генерал энэ үеэр онцолжээ.
 
АНУ өмнө нь орчин үеийн технологийн нууцаа өрсөлдөгч талд алдахгүйн тулд унасан байлдааны техникээ далайгаас хайхад нэлээд урт хугацаа, хүчин чармайлт зарцуулж байсан.
 
Тухайлбал 2022 оны эхээр тээвэрлэгч хөлөг дээр газардах үедээ осолдож, Өмнөд Хятадын тэнгисийн ёроолд живсэн F-35 сөнөөгч онгоцны үлдэгдлийг сар гаруй хугацааны дараа гаргаж авч байжээ. Харин энэ удаа Вашингтон унасан дронд төдийлөн санаа зовохгүй байна.
 
Учир нь MQ-9 Reaper хуучин техник бөгөөд өмнө нь хэд хэдэн удаа алдагдаж байжээ.
 
Өчигдөр Пентагоны тэргүүн Ллойд Остин ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай утсаар холбогдож, болсон хэрэг явдлын талаар ярилцсан байна.
 
Үүний дараа ОХУ-ын батлан хамгаалах яамнаас гаргасан мэдэгдэлд Крымийн эргээс холгүй зайд АНУ-ын тагнуулын дрон нисэж байсан нь “өдөөн хатгасан явдал” болохыг анхааруулжээ.
 
 
 
Эх сурвалж: BBC
Хар тэнгист унасан АНУ-ын дроны үлдэгдлийг олж авахаар ажиллаж байгаагаа ОХУ-ын тал мэдэгджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0