Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Сарны гадарга дээр их хэмжээний усны нөөц байгааг эрдэмтэд тогтоожээ
1 жил өмнө   226
Сарны гадарга дээр тархсан байдаг шилэн бөмбөлгүүдэд их хэмжээний ус агуулагдаж байгааг эрдэмтэд тогтоожээ.
 
Ингэснээр ирээдүйд саран дээр хүн суурьшихад шаардлагатай ус, хүчилтөрөгчийн нөөцтэй болж байна.
 
“Энэ бол бидний хийсэн хамгийн гайхамшигтай нээлтүүдийн нэг. Ингэснээр сарыг урт хугацаанд тогтвортой судлах боломж урьд урьдынхаас илүү нэмэгдэж байна” гэж Их Британийн Опен их сургуулийн гараг эрхэс судлалын профессор Махеш Ананд ярьжээ.
 
Хагас зууны өмнө хүн төрөлхтөн дэлхийн дагуул дээр хөл тавьж байв. Одоо НАСА дахин сар руу хүн илгээхээр ажиллаж байгаа. Европын Сансрын Агентлаг бас саран дээр байнгын ажиллагаатай суурин байгуулахаар төлөвлөж байна. Ингэхийн тулд саран дээрх амьдралыг тэтгэх ус, хүчилтөрөгчийн эх үүсвэр хэрэгтэй юм.
 
2020 оны арванхоёрдугаар сард Хятадын сансрын хөлөг сарны хөрсний дээжийг дэлхийд авчирч байв. Профессор Ананд болон Хятадын эрдэмтэд уг дээжийг шинжлээд дээрх нээлтийг хийсэн байна.
 
Сарны гадарга дээр байдаг нэг миллиметр хүрэхгүй хэмжээтэй шилэн бөмбөлгүүдэд ус хадгалагдаж байгааг энэ судалгаагаар тогтоожээ.
 
Сарны гадарга дээр солирууд унахад үүссэн хайлмаг биетүүд эргэж хөлдөхдөө ийм бөмбөлгүүд болж тогтсон юм байна.
 
Сарыг бүрхсэн эдгээр шилэн бөмбөлгүүдэд нийтдээ 300 саяас 270 тэрбум хүртэл тонн хэмжээтэй ус агуулагдаж байгаа гэж дүгнэжээ.
 
Хэрвээ бөмбөлгүүдийг хайлуулбал дотроос нь ус гарах бөгөөд хуримтлуулсан уснаасаа хүчилтөрөгч гаргаж ч болох юм байна.
 
Сарны хөрсний гүнд мөсний нөөц байгааг эрдэмтэд өмнө нь баталж байсан. Гэхдээ үүнийг ухаж олборлоход зардал өндөртэй байх юм.
 
Харин хөрсөн дээрээс шилэн бөмбөлгүүдийг цуглуулж ус гаргах нь хамгийн амархан арга ажээ.
 
“Энэ нь ямар нэг материалыг шууд сэгсрээд ус гаргах тухай ойлголт биш. Гэхдээ бөмбөлгүүдийг Цельсийн 100 хэмээс дээш хүргэж халаах замаар ус гарах боломжтой” гэж Ананд ярьсан байна.
 
Судалгааны үр дүнг өчигдөр “Nature Geoscience” сэтгүүлд нийтлүүлжээ.
 
 
 
Эх сурвалж: The Guardian
Сарны гадарга дээр их хэмжээний усны нөөц байгааг эрдэмтэд тогтоожээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0