Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Украины эрх баригчид “хоёр дахь Бахмут”-аас иргэдийг нүүлгэж эхэлжээ
1 жил өмнө   264
Украины эрх баригчид өчигдөр тус улсын зүүн бүсийн Авдеевка хотыг битүүмжилж, энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ.
 
Зургаан сар орчим хугацаанд Бахмут хотыг эзлэх гээд чадаагүй Оросын арми анхаарлаа тус хот руу чиглүүлж эхэлсэнтэй энэ шийдвэр холбоотой юм байна.
 
Өөрөөр хэлбэл Бахмутаас өмнө зүгт 90 км зайтай оршдог Авдеевка хотыг “хоёр дахь Бахмут болно” гэж Украины тал таамаглаж байгаа ажээ.
 
Тус хотод дайнаас өмнө 30,000 хүн амьдардаг байсан бол одоо 2,000 орчим хүн үлдсэн юм байна.
 
“Ингэж хэлэхэд харамсалтай байгаа ч Авдеевка улам бүр дэлхийн сүйрлийг харуулсан киноны зураг шиг болж байна” гэж тус хотын цэргийн салбар хорооны тэргүүн Виталий Барабаш хэлжээ.
 
Бямба гарагт Украины зэвсэгт хүчний командлагч, генерал Валерий Залужный олон сарын турш ширүүн тулааны талбар болсон Бахмут хотын нөхцөл байдал тогтворжиж байгааг мэдээлсэн юм.
 
Даваа гарагт Оросын талаас Словянск хот руу С300 агаараас хамгаалах системийн хоёр ширхэг пуужин харвасны улмаас хоёр хүн алагдаж, 32 хүн шархадсан байна.
 
Тус хот нь Бахмутаас баруун хойд зүгт оршдог юм.
 
Өчигдөр бас Украины ерөнхийлөгч Володимир Зеленский зүүн өмнөд бүсийн Запорожье мужид зочилж, тэнд хүрэлцэн очсон Олон Улсын Атомын Эрчим Хүчний Агентлагийн тэргүүн Рафаэл Гросситой уулзжээ.
 
Энд Европ тивийн хамгийн том атомын цахилгаан станц оршдог юм. Уг станц одоо Оросын цэргийн хяналтад байгаа.
 
Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын ерөнхийлөгч Путин хөрш Беларусийн нутагт тактикийн цөмийн зэвсэг байрлуулах болсноо зарласан билээ.
 
Үүнтэй холбоотойгоор Украины эрх баригчид НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлд энэ асуудлыг шуурхай хэлэлцэхийг уриалсан бол Европын Холбооны гадаад хэргийн сайд Жозеп Боррел цөмийн зэвсэг нутаг дэвсгэр дээрээ байрлуулахгүй байхыг Беларусийн талд уриалж, байрлуулбал эдийн засгийн нэмэлт хориг арга хэмжээгээр шийтгэхээ анхааруулсан байна.
 
Харин Вашингтоны эрх баригчид энэ асуудалд төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаагаа мэдэгдсэн юм.
 
“Украинд тактикийн цөмийн зэвсэг хэрэглэхээр бэлдэж байгаа ямар ч шинж тэмдэг одоогоор ноён Путинээс харагдахгүй байна” гэж Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби өнгөрсөн Ням гарагт CBS сувгаар ярьжээ.
 
Тактикийн цөмийн зэвсэг нь бага хүрээнд тулааны талбарт давуу тал олж авах зорилгоор ашиглагддаг зэвсэг юм. ОХУ-д ийм зэвсэг хэр хэмжээтэй байгаа талаар мэдээлэл хомс байна.
 
 
 
Эх сурвалж: Reuters
Украины эрх баригчид “хоёр дахь Бахмут”-аас иргэдийг нүүлгэж эхэлжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0