Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Илон Маск тэргүүтэй 1,000 гаруй хүн хиймэл оюуны систем хөгжүүлэлтийг түр зогсоохыг уриалав
1 жил өмнө   264
"Future of Life Institute" ашгийн бус байгууллага өчигдөр хиймэл оюуны технологийн салбарын 1,000 гаруй мэргэжилтний гарын үсэг бүхий захидлыг нийтэд хүргэжээ.
 
Тэдгээрийн дотор дэлхийн хамгийн баян хүн гэгддэг Илон Маск багтсан байна.
 
Уг захидалд ChatGPT төрлийн дэвшилтэт хиймэл оюуны системийн хөгжүүлэлтийг зургаан сарын хугацаанд зогсоож, энэ хооронд аюулгүй байдлын нэгдсэн зохицуулалтыг бий болгохыг уриалжээ.
 
“Бид бүгд нийгэмд үзүүлэх эерэг нөлөөг нь баталгаажуулж, эрсдэлийг хязгаарлаж чадах бүрэн итгэлтэй болсныхоо дараа л хүчирхэг хиймэл оюуны системүүдийн хөгжүүлэх ёстой” гэж уг захидалд бичсэн байна.
 
Мөн хүнтэй өрсөлдөхүйц хиймэл оюуны системүүдийн нийгэм, соёл иргэншилд учруулж болзошгүй эрсдэлийн талаар захидалд дэлгэрэнгүй дурджээ.
 
Эдгээрээс сэргийлэхийн тулд системийн хөгжүүлэгчид нь эрх баригчид, зохицуулах байгууллагуудтай хамтран ажиллах ёстойг чухалчилсан байна.
 
Сүүлийн үед ChatGPT төрлийн хиймэл оюуны системийн нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөний асуудал улс төрийн хүрээнд хурцаар яригддаг болоод байгаа.
 
Тухайлбал Европын Холбооны хууль сахиулах байгууллага Европол өнгөрсөн Даваа гарагт хиймэл оюуны дэвшилтэт системүүдийг ашигласан кибер гэмт хэргүүд, худал хуурмаг мэдээлэл тараах үзэгдэл нэмэгдэж болзошгүйд санаа зовж байгаагаа илэрхийлсэн юм.
 
Үүнээс гадна Их Британийн засгийн газар саяхан хиймэл оюуны хөгжүүлэлтийн орчныг зохицуулах эхний саналаа танилцуулаад байгаа.
 
Өнгөрсөн онд Майкрософтын хөрөнгө оруулалттай OpenAI компани ChatGPT системээ нийтэд танилцуулсан нь энэ салбарын өрсөлдөөнийг эрчимжүүлсэн юм.
 
Өчигдөр нийтлэгдсэн захидалд OpenAI компанийн удирдлага гарын үсэг зураагүй байна.
 
“Энэ захидал төгс биш ч санаа нь зөв. Бид үр дагаврыг сайтар ойлгох хүртлээ хөгжүүлэлтийг түр зогсоох шаардлагатай” гэж захидалд гарын үсэг зурсан хүмүүсийн нэг болох Нью-Йоркийн Их сургуулийн профессор Гэри Маркус хэлжээ.
 
Тэрбээр цааш нь ярихдаа “Ийм системүүд ноцтой хор хохирол учруулж болзошгүй. Томоохон тоглогчид юу хийж байгаагаа улам бүр нууцалж байгаа нь нийгмийг аливаа аюул эрсдэлээс хамгаалах ажлыг хэцүү болгож байна” гэсэн юм.
 
 
 
Эх сурвалж: Reuters
Илон Маск тэргүүтэй 1,000 гаруй хүн хиймэл оюуны систем хөгжүүлэлтийг түр зогсоохыг уриалав
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0