Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Белград хотын төвд 13 настай хүү найман хүүхдийг буудаж алсан хэрэг гарчээ
1 жил өмнө   309
Өчигдөр буюу Лхагва гарагийн өглөө Серби улсын нийслэл Белград хотын төвд 13 настай хүү хамт сурдаг найман хүүхдийг буудаж алсан хэрэг гарчээ.
 
Владислав Рибникар нэртэй дунд сургуулийн байранд гарсан аллагын үеэр өөр зургаан хүүхэд, нэг багш шархадсан байна.
 
Сэжигтэн ямар зорилгоор олон хүүхдийн аминд хүрснийг тогтоохоор ажиллаж байгаагаа Сербийн цагдаагийн газар мэдээлжээ.
 
Аавынхаа хууль ёсны эзэмших эрхтэй галт зэвсгийг аллагад ашигласныг шалгаж тогтоосон байна. Хүүгийн эцэг эхийг бас баривчилжээ.
 
Сербийн ерөнхийлөгч Александр Вучич өчигдөр телевизээр хэлсэн үгэндээ энэ өдрийг “манай улсын орчин үеийн түүхэнд тохиолдсон хамгийн эмгэнэлтэй өдөр болж байна” гэж тодорхойлсон юм.
 
Сэжигтнийг сэтгэцийн эмнэлэгт шилжүүлсэн, Сербийн одоогийн хуулиар түүний үйлдсэн гэмт хэрэгт шийтгэл оноох боломжгүйг бас мэдэгджээ.
 
Вучич гэмт хэрэгт шийтгүүлэх насны босгыг одоогийн 14-өөс 12 болгон бууруулах шаардлага гарч байгааг энэ үеэр онцлон хэлсэн байна.
 
Бас галт зэвсгийн хяналтыг чангатгах, буудлагын талбай ашиглах хүмүүсийн шаардлагыг өндөрсгөх зэрэг санаануудыг тэр дэвшүүлсэн юм.
 
Хүү аллагыг олон хоногийн өмнөөс төлөвлөж, алах хүүхдүүдийн нэрсийн жагсаалтыг хүртэл гаргасан байжээ. Тэрбээр хэд хоногийн өмнө аавын хамт буудлагын талбайд очиж, бэлтгэл хийсэн нь бас мөрдлөгийн явцад тогтоогдсон юм байна.
 
Хохирогчдын ихэнх нь 13-14 насны хүүхдүүд байжээ. Тэдний долоо нь охид, нэг нь хүү байсан байна.
 
Серби улс болсон явдалтай холбогдуулан Баасан гарагаас эхлэн гурван өдөр орон даяар гашуудал зарлахаар болсон юм.
 
Европын орнуудаас галт зэвсгийн хяналт хамгийн чангатайд тооцогддог Серби улсад ийм гэмт хэрэг харьцангуй ховор гардаг.
 
1990-ээд оны дайны дараа хуучин Югославын бүрэлдэхүүнд байсан орнуудад олон зуун хууль бус галт зэвсэг үлдсэн гэдэг.
 
2019 оны байдлаар Сербид 100 хүн тутамд 39.1 буу ногдож байсан нь АНУ, Монтенегро улсуудын дараа дэлхийд гуравт орох өндөр үзүүлэлт юм.
 
2013 онд Велика Иванча тосгонд Любиша Богданович гэгч 14 хүний амийг хөнөөсөн хэргийг Югославын дайнаас хойш гарсан хамгийн том аллага гэж үздэг. Үүнээс өмнө 2007 онд Якубовач тосгонд Никола Радосавлевич гэгч есөн хүнийг буудан хөнөөж, таван хүнийг шархдуулж байжээ.
 
 
 
Эх сурвалж: BBC
Белград хотын төвд 13 настай хүү найман хүүхдийг буудаж алсан хэрэг гарчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0