Фэйсбүүк, Инстаграм сошиал платформуудыг эзэмшигч Мета компанийг $1.3 тэрбумаар торгох шийдвэрийг Ирланд улсын эрх баригчид өчигдөр зарлажээ.
Европын Холбооны өмнөөс Ирландын Хувийн Мэдээлэл Хамгаалах Хороо ийм шийдвэр гаргасан байна. Европын хэрэглэгчдийн хувийн мэдээллийг АНУ руу дамжуулсан шалтгаанаар ийнхүү түүхэнд байгаагүй өндөр торгуулиар шийтгэжээ.
Алдаатай, үндэслэлгүй, зах зээлд буруу жишиг тогтоох шийдвэр гаргасанд Мета компани харамсаж байгаагаа илэрхийлээд шүүхэд давж заалдахаа мэдэгдсэн юм.
“Хил дамнуулан өгөгдөл дамжуулах нь нээлттэй интернэт сүлжээ дэлхий дахинд хэрхэн ажиллах үндэс суурь юм. Олон мянган бизнес эрхлэгчид, байгууллагууд Европын Холбоо болон Америкийн Нэгдсэн Улсын хооронд өгөгдөл дамжуулах чадварт тулгуурлан өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулдаг. Бид шийдвэрийг давж заалдах, хэрэгжилтийг нь хойшлуулах асуудлаар шүүхэд хандах төлөвлөгөөтэй байна” гэж Мета компанийн олон улсын хэрэг эрхэлсэн дэд захирал Ник Клег, хуулийн асуудал хариуцсан дэд захирал Женифер Ньюстид нар мэдэгджээ.
Европын Холбооны гишүүн орнуудад 2018 оноос хэрэгжиж эхэлсэн GDPR (General Data Protection Regulation) зохицуулалтын хүрээнд оноосон хамгийн өндөр хэмжээтэй торгууль энэ болж байна.
2021 онд дээрх хуулийг зөрчсөн Амазон компанийг Люксембургийн шүүх $800 гаруй саяар торгосон нь өмнөх хамгийн өндөр торгууль байжээ.
Эх сурвалж: Aljazeera
Европын хэрэглэгчдийн мэдээллийг АНУ руу дамжуулсан Мета компани $1.3 тэрбумаар торгуулав |
|