Жорж Сорос өөрийн $25 тэрбумын хөрөнгийг хянан зарцуулах эрхийг бага хүү Александр Сорост шилжүүлжээ.
Бага Сорос энэхүү өв залгамжлалынхаа талаар Ням гарагт The Wall Street Journal сэтгүүлд нийтлэгдсэн ярилцлагадаа өгүүлсэн байна.
Консерватив улс төрчдийн дайралтад байнга өртөж, анти-семит үзэлтнүүдийн хуйвалдааны онолын бай болдог Жорж Сорос нь АНУ-ын ардчилсан намын хамгийн том хандивлагчдын нэг юм.
Түүний эзэмшилд дэлхийн 120 гаруй улсад салбартай Нээлттэй Нийгэм сан багтдаг бөгөөд жил бүр үүгээрээ дамжуулан $1.5 тэрбумыг дэлхий даяар хүний эрх, ардчиллыг хөгжүүлэхэд зарцуулдаг.
37 настай Александр өөрийгөө 92 настай эцгээсээ илүү “улс төржсөн хүн” гэж тодорхойлжээ.
Тэрбээр эцгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлж, либерал үнэт зүйлсийг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх зорилготой гэнэ.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Нээлттэй Нийгэм Сан (Open Society Foundation) байгууллагын удирдах зөвлөл Александрыг ерөнхийлөгчөөрөө сонгосон юм.
Александр бол Жорж Соросын хоёр дахь эхнэр Сюзан Веберээс төрсөн хоёр хүүгийн ахмад нь ажээ.
Соросын анхны эхнэрийн хүү 52 настай Жонатан Сорос саяхныг хүртэл өв залгамжлагч болох хүнд тооцогдож байсан юм.
Эх сурвалжуудын мэдээлснээр Жонатан сүүлд эцэгтэйгээ үзэл бодол нийлэхээ больсноос өв залгамжлагчийн байр сууриа алдсан юм байна.
Эх сурвалж: Associated Press
Жорж Сорос $25 тэрбумын хөрөнгөө бага хүүдээ өвлүүлжээ |
|