Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
АНУ-ын нисэх онгоц тээвэрлэгч байлдааны хөлөг Вьетнамын боомтод ирж байрлажээ
10 сар өмнө   283
АНУ-ын тэнгисийн флотын байлдааны хөлөг онгоц Вьетнам улсын төв хэсгийн Данан боомтод ирж байрлажээ.
 
Цөмийн хөдөлгүүрт USS Ronald Reagan нисэх онгоц тээвэрлэгч Вьетнамын дайн дууссанаас хойш тус улсад ирсэн АНУ-ын гурав дахь байлдааны хөлөг болж байна.
 
Хөлөг энэ сарын 30-ныг хүртэл Дананд байрлахыг албаны эх сурвалж мэдээлжээ.
 
Хөрш Хятад улстай газар нутгийн маргаантай Вьетнам улсын эрх баригчид сүүлийн жилүүдэд гадаад харилцаандаа хүчний харилцааг тэнцвэржүүлэх бодлого баримталж байгаа.
 
Нэг үе дайснууд байсан Вашингтон, Ханойн эрх баригчдыг Хятадын бүс нутаг дахь хүч нөлөөг хязгаарлах ашиг сонирхол нэгтгэж байна.
 
Хоёр улс 10 жилийн өмнө иж бүрэн түншлэлийн гэрээ байгуулж, харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж эхэлсэн юм.
 
Өнгөрсөн сард Хятадын тагнуулын болон эргүүлийн хөлгүүд, загас агнуурын хөлгүүд Өмнөд Хятадын тэнгис дэх Вьетнамын харьяа усанд олон удаа нэвтэрсний улмаас Вьетнамын гадаад хэргийн яам Бээжинд эсэргүүцэл илэрхийлж байв.
 
Энэ сарын эхээр Хятадын хөлгүүд тус бүсийг орхин гарсан юм.
 
Бээжингийн эрх баригчид Өмнөд Хятадын тэнгисийн ихэнх хэсгийг өөрийн газар нутаг гэж үздэг. Энэ бүс нутгийн маргаанд Вьетнамаас гадна Филиппин, Малайз, Бруней улсууд оролцдог юм.
 
“Байлдааны хөлөг боомтод ирсэн нь Вьетнам улс АНУ болон бусад улсуудтай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа сайжруулах замаар Хятадтай хүчний тэнцвэрийг хангах бодлогоо зарлаж байгаа хэрэг. АНУ тэнгисийн флотын хамгийн хүчирхэг техникээ илгээсэн нь Вьетнамын найдвартай түнш байж чадахаа харуулж байна” гэж Австралийн Нью Соут Уэльс Канберрагийн их сургуулийн доктор Нгуен Фуонг тайлбарлажээ.
 
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен энэ оны дөрөвдүгээр сард Ханойд айлчлахдаа хоёр улсын харилцааг өргөжүүлэх сонирхлоо тодорхой илэрхийлсэн юм.
 
АНУ-ын анхны тэнгисийн хөлөг 2018 онд Вьетнамд ирсэн нь USS Carl Vinson нисэх онгоц тээвэрлэгч байжээ. Дараа нь 2020 онд Вьетнамын дайн дууссаны 25 жилийн ойг тохиолдуулан USS Theodore Roosevelt хөлөг бас ирж байсан юм.
 
 
 
Эх сурвалж: Aljazeera
 
 
АНУ-ын нисэх онгоц тээвэрлэгч байлдааны хөлөг Вьетнамын боомтод ирж байрлажээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0