Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Монголд барууны нөлөөлөл нэмэгдэж буйн эсрэг хамтарч ажиллана гэв
10 сар өмнө   275
ОХУ-ын ерөнхий прокурор Игорь Краснов өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Бээжинд  хоёр өдрийн айлчлал хийжээ. Тэрбээр  Хятадын аюулгүй байдал, хууль сахиулах, дээд түвшний зургаан албан тушаалтантай уулзаж, кибер аюулгүй байдал, цахим валютаас эхлээд гэмт хэрэгтнүүдийг шилжүүлэн өгөх зэрэг салбарт нягт хамтран ажиллахыг уриалсан байна. 
 
Игорь Краснов Коммунист намын Улс төрийн товчооны цагдаа, тагнуул, хууль эрх зүйн салбарыг хянадаг гишүүн Чен Вэньцинтэй уулзах үеэрээ, "Монгол дахь барууны “өсөн нэмэгдэж буй нөлөөг” сөрөхийн тулд түүний алба Москва, Бээжин, Улаанбаатарын хамтын ажиллагааг ахиулж эхэлсэн гэж мэдэгдсэнийг "Российская газета" сонин мэдээлжээ.
 
Тэрбээр Москвагийн оролцоо нэмэгдэж байгааг харуулах үүднээс ОХУ-аас боловсруулсан байгаль орчныг хамгаалах хамтын ажиллагааны тухай Улаанбаатарт танилцуулсан гурван талт гэрээний төслийг иш татсан байна.
 
Гэхдээ тэрээр барууны нөлөөний тухай мэдэгдлээ нотлох баримт өгөөгүй бөгөөд Хятадын засгийн газар болон төрийн мэдээллийн "Синьхуа" агентлагаас Красновын уулзалтын талаарх мэдэгдэлд эдгээрийг дурдаагүй байна.
 
Игорь Краснов  өнгөрсөн Пүрэв гаригт Хятадын Олон нийтийн аюулгүй байдлын сайд Ван Сяохонтой уулзсанаар айлчлалаа өндөрлөсөн байна. Тэрбээр НАТО-гийн орнуудаас ирж буй "аюул заналхийллийг" эсэргүүцэхийн тулд Бээжин, Москва хоёр хамтран ажиллах ёстой гэж мэдэгджээ.
 
"НАТО-гийн орнууд олон улсын хууль сахиулах хамтын ажиллагааг тогтворгүй болгох, олон улсын эрүүгийн мөрдөн байцаах, шилжүүлэн өгөх, эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх байгууллагуудыг сулруулахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргасан” гэж Оросын ерөнхий прокурорын газраас гаргасан мэдэгдэлд дурджээ.
 
Дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд үл итгэх байдал нэмэгдэж, Орос, Хятадын эрх баригчдыг чиглэсэн барууны хориг арга хэмжээ нь улс орнуудыг худалдаа, дипломат харилцаа, бүс нутгийн аюулгүй байдлын чиглэлээр илүү нягт хамтран ажиллахад түлхэж байна гэж тэрбээр онцолсон. Барууны албан тушаалтнууд ардчилал-автократын хуваагдлыг үг яриандаа улам тодотгож, Хятад, Оростой тэмцэхийн тулд улс төрийн ижил төстэй тогтолцоотой бусад орнуудтай эвсэх болсон.
 
Оросын төрийн сонины "Российская газета"-д мэдээлснээр, Ван Сяохон "Гадаад улсын төрийн бус байгууллага, гадаадын агентууд болон бусад холбоодын хорлон сүйтгэх үйл ажиллагааны эсрэг Орост бодит дэмжлэг үзүүлэхэд Бээжин бэлэн байна" гэж мэдэгджээ. Уулзалтын талаар Синьхуа агентлагийн мэдээлэлд,  Ван Сяохоны хэлсэн үгийг оруулаагүй ч Москватай "улс төрийн аюулгүй байдлыг" хамгаалж, хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх талаар амласан" гэжээ.
 
Краснов Лхагва гаригт  Бээжинд хамтрагч Ин Ёнтой уулзах үеэрээ цахим гэмт хэрэг, терроризм, авлигатай тэмцэх туршлагаасаа хуваалцах гэрээнд гарын үсэг зурсан гэж Оросын  "ТАСС" агентлаг мэдээлсэн. Прокурорууд мөн ирэх онд криптовалютын хууль бус эргэлт, мөнгө угаах гэмт хэргийн талаар хэлэлцэхээ амласан байна.
 
Мөн Хятадын дээд шүүгч Жан Жүнтэй уулзахдаа "Орос- Хятадын интернэтийн шүүх болон олон улсын худалдааны танхимуудыг сонирхож байна" гэжээ. Хятад дахь интернетийн шүүхүүд цахим худалдаа, зохиогчийн эрх, домэйн нэрийн маргаан зэрэг вэбтэй холбоотой хэргүүдэд анхаарлаа хандуулдаг.
 
Хятадын Ардын Дээд шүүх мөн Хятадын зах зээлийн хэмжээнээс шалтгаалан олон улсын худалдаатай холбоотой хэргийг шийдвэрлэх арилжааны шүүхүүдийг байгуулжээ. Бээжин олон улсын эрх зүйг боловсруулахад Хятадад илүү их дуу хоолойг хүргэх, олон улсын маргаанд Хятадын эрх ашгийг хамгаалахын тулд хууль зүйн авьяас чадварыг сургах талаар хэд хэдэн хүчин чармайлт гаргасан. 
 
Игорь Краснов Хятадаас явахаасаа өмнө Хууль зүйн сайд Хэ Рунтай шоронгийн удирдлага, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар, намын хээл хахуулийн эсрэг хүчтэй байгууллагын нарийн бичгийн дарга Фу Күйтэй авлигын эсрэг хүчин чармайлтын талаар ярилцсан байна.
 
ЭХ СУРВАЛЖ: SOUTH CHINA MORNING POST
Монголд барууны нөлөөлөл нэмэгдэж буйн эсрэг хамтарч ажиллана гэв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0