Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Баруун Африкийн орнууд хамтарсан зэвсэгт хүчнээ идэвхжүүлснээр Нигерийн дотоод хэрэгт оролцож болзошгүй боллоо
9 сар өмнө   432
Баруун Африкийн орнуудын холбоо Ecowas өчигдөр хамтарсан зэвсэгт хүчнээ бэлэн байдалд шилжүүлснээр Нигер улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож болзошгүй боллоо.
 
Долдугаар сарын 26-ны өдөр Нигерт төрийн эргэлт гарч, цэргийнхэн хууль ёсны ерөнхийлөгчөөс засгийн эрхийг булаасан юм.
 
Баруун Африкийн орнууд хууль ёсны засаглалыг буцаан сэргээх долоо хоногийн хугацааг Нигерийн цэргийн дэглэмд өгсөн нь өнгөрсөн Ням гарагт дууссан.
 
Цэргийнхэн өнгөрсөн хугацаанд агаарын орон зайгаа хааж, гадаадын ямар ч хүчнээс Нигерийг хамгаалахаа мэдэгдээд байгаа.
 
“Цэргийн хүч хэрэглэх хувилбар бол хамгийн сүүлчийн шатны арга хэмжээ. Бид ямар ч хувилбарыг хэрэгжүүлэхэд бэлэн байна. Бидний хамтын хүчин зүтгэлийн үр дүнд Нигер улсад тогтвортой байдал, ардчилал тайван замаар сэргэнэ гэдэгт найдаж байна. Бүх найдвар тасраагүй байна” гэж Ecowas-ийг даргалж буй Нигери улсын ерөнхийлөгч Бола Тинубу өчигдөр мэдэгджээ.
 
Тус улсын нийслэл Абужа хотод чуулсан Ecowas-ийн гишүүн орнуудын удирдагчид батлан хамгаалахын сайд нартаа хамтарсан зэвсэгт хүчний бүх элементүүдийг бэлэн байдалд шилжүүлэх үүрэг өгсөн байна.
 
Ecowas Standby Force (Бэлэн Байдлын Хүч) гэгчийг байгуулах талаар Баруун Африкийн орнууд сүүлийн хэдэн жилийн турш хэлэлцсэн ч санхүүжилтийг нь яаж шийдвэрлэх асуудал дээр гацаад байгаа.
 
2020 оноос хойш энэ бүс нутгийн орнуудад төрийн эргэлтүүд дараалан гарах болсон тул ийм хамтарсан зэвсэгт хүчнийг байгуулахаар шийдвэрлэж байжээ.
 
Хоёр хувилбар боломжийг судалж байгаагаа Ecowas-ийн зөвлөлийн ерөнхийлөгч Омар Алеу Турай өнгөрсөн сард НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлд мэдээлж байв.
 
Тухайлбал нэг нь жилийн $2.3 тэрбумын төсөвтэй 5,000 цэрэг бүхий байнгын бригадыг байгуулах, нөгөө нь жилийн $360 саяын зардалтай, шаардлага гарах бүрд дайчилдаг систем бий болгох байсан юм.
 
Өчигдрийн Ecowas-ийн мэдэгдэлд хамтарсан хүчнийг хэрхэн зохион байгуулах, яаж санхүүжүүлэх талаар дурдаагүй байна.
 
Ямартай ч энэ бүсийн орнуудын удирдагчид Нигер улсын хууль ёсны засгийн газрыг сэргээх хүсэлтэйгээ илэрхийлсээр байгаа юм.
 
Тухайлбал Кот Дивуарын ерөнхийлөгч Алассан Уаттара өчигдрийн уулзалтын үеэр цэргийнхэн Нигерийн ерөнхийлөгч Мохамед Базумыг баривчлан хорьсон явдлыг “террорист үйлдэл” гэж нэрлэсэн байна.
 
Энэ удаа Ecowas эв нэгдэлтэй байгаагаа гадаад ертөнцөд харуулах нь чухал байгаа. 2020 оноос хойш цэргийн эргэлт гарсан Мали, Буркина Фасо улсууд тус холбооноос гарсан юм.
 
Эдгээр улсууд одоо Нигерийн цэргийн дэглэмийг дэмжихээ амлаад байна.
 
Дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг гэгддэг Нигер нь дэлхийн долоо дахь том уран үйлдвэрлэгч юм. Төрийн эргэлтээс өмнө Нигерийн эрх баригчид Өрнөдийн орнуудтай ойр харилцаатай байсан бол одоо эрх мэдлийг булаасан цэргийнхэн Оростой илүү ойртох сонирхолтой байна.
 
Хөрш Мали, Буркина Фасо улсууд ч энэ замаар явсан юм. Малид үйл ажиллагаа явуулж буй Оросын хувийн зэвсэгт хүчний Вагнер группийн тэргүүн Евгений Пригожин саяхан Нигерийн төрийн эргэлтийг зөвтгөсөн мэдэгдэл хийж байв.
 
Одоо АНУ, Франц, Герман, Италийн цэргүүд Нигерт байрладаг нь энэ бүс нутагт үүрлэсэн Исламын зэвсэгт бүлэглэлүүдтэй тэмцэх зорилготой юм.
 
 
 
Эх сурвалж: Reuters
Баруун Африкийн орнууд хамтарсан зэвсэгт хүчнээ идэвхжүүлснээр Нигерийн дотоод хэрэгт оролцож болзошгүй боллоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0