Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Нисэх онгоц нь эвдэрснээс Германы гадаад хэргийн сайд айлчлалынхаа замаас буцжээ
9 сар өмнө   209
Герман улсын гадаад хэргийн сайд Анналена Бэрбокын нисэх онгоц хоёр удаа эвдэрснээс Номхон далайн бүс нутаг хийх айлчлалаа цуцлаад замаасаа буцжээ.
 
Ням гарагт сайд Берлинээс засгийн газрын хуучирч муудсан Airbus A340 нисэх онгоцоор  хөөрсөн юм. Гэтэл Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Дабигаас шатахуун цэнэглээд хөөрсөн онгоцонд техникийн асуудал гарсан тул буцаж газарджээ.
 
Даваа гарагийн орой онгоц хоёр дахиа хөөрсөн ч ижил асуудлын улмаас дахин газардахад хүрсэн байна.
 
Хоёр тохиолдолд хоёуланд нь онгоцыг аюулгүй газардуулахын тулд түлш шатахуунаа агаарт асгах хэрэгтэй болсон нь Германы Ногоон намын улс төрчдийн хурц шүүмжлэлтэй тулгарахад хүргэжээ.
 
“Бид бүх боломжоо туршиж үзсэн ч харамсалтай нь Энэтхэг-Номхон далайн бүс нутагт хийх айлчлалаа үргэлжлүүлэх техникийн боломжгүй боллоо” гэж Бэрбок сошиал хуудсандаа бичсэн байна.
 
Германы хэвлэлүүд энэ үйл явдлыг техник технологийн хүчирхэг гүрний хувьд байж боломгүй, ичмээр зүйл хэмээн шүүмжилцгээжээ.
 
Сүүлийн үед хуучирсан нисэх онгоцтой холбоотой асуудлууд Германы төрийн өндөр албан тушаалтнуудын нүүрийг улайлгасан хэд хэдэн тохиолдол гарсан юм.
 
Тавдугаар сард Бэрбокын онгоцны дугуй Катарт байх үедээ эвдэрснээс Персийн булангийн орнуудад хийх айлчлалаа нэг өдрөөр сунгахаас өөр аргагүй болж байв.
 
Тэрбээр өчигдөр нийтийн зорчигч тээврийн онгоцоор Берлинд буцаж ирсэн байна.
 
Бэрбок энэ айлчлалаараа Австрали, Шинэ Зеланд, Фижи улсуудын удирдагчидтай аюулгүй байдал, дэлхийн дулаарал зэрэг олон асуудлаар ярилцах төлөвлөгөөтэй байжээ.
 
Абу Дабид газардсан онгоцыг бүрмөсөн ашиглалтаас гаргаж магадгүй байгааг Германы агаарын хүчний хэвлэлийн төлөөлөгч өчигдөр мэдээлсэн байна.
 
Германы сөрөг хүчний зарим төлөөлөл энэ завшааныг ашиглаад засгийн газрын агаарын тусгай флотыг тарааж, татвар төлөгчдийн мөнгийг үүнд зарцуулахаа зогсоохыг уриалжээ.
 
Энэ удаа гэмтсэн онгоц 2018 оны арваннэгдүгээр сард ослын буулт хийсний улмаас тухайн үеийн канцлер Ангела Меркель, сангийн сайд (одоогийн канцлер) Олаф Шольц нарын Буэнос Айрес хотод болох Их 20-ын бүлгийн чуулганд оролцох аялал саатаж байсан юм.
 
Онгоцны түлшийг агаарт асгаж, байгаль орчныг бохирдуулсан гэх асуудлаар Германы байгаль орчны яам “Онгоцны түлшийг 1,800-аас дээш метрийн өндөрт асгахад агаарт жижиг дуслууд болон задарч, ихэнх нь ууршдаг” хэмээн тайлбарлажээ.
 
 
 
Эх сурвалж: The Guardian
Нисэх онгоц нь эвдэрснээс Германы гадаад хэргийн сайд айлчлалынхаа замаас буцжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0