Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Италийн домогт дуучин Тото Кутуньо 80 насандаа таалал төгслөө
8 сар өмнө   266
Италийн соёлыг алдарт “L’Italiano” дуугаараа олон сая хүнд хүргэж чадсан домогт дуучин Тото Кутуньо 80 насандаа Милан хотын Сан Раффаэлийн эмнэлэгт нас барсныг эх сурвалжууд өчигдөр мэдээлжээ.
 
Тускани нутагт Сицил гаралтай гэр бүлд мэндэлсэн Сальватор Кутуньо нь өнөөдрийн Евровижн наадмын үндэс суурь болсон Италийн Сан Ремогийн хөгжмийн наадамд арав орчим жил тасралтгүй оролцож байв.
 
Тэрбээр 1980 онд “Solo Noi” дуугаараа энэ наадамд түрүүлсэн бол зургаан удаа дэд байр эзэлж байжээ.
 
Кутуньо бас 1990 онд Евровижн наадамд түрүүлж байв.
 
Гэхдээ түүний хамгийн алдартай дуу нь 1983 оны “L’Italiano” (Итали хүн) байлаа. Анх Адриано Челентанод зориулж зохиосон ч хүлээж аваагүй гэгддэг энэ дууг тэр Европ даяар хит болгосон юм.
 
Уг дууны шүлэг зажлууртай спагетти гоймон, гааны амттай сахлын хөөс, ристретто кофе, эвдэрхий Фиат 600 автомашин зэрэг итали соёлын элементүүдийг агуулсан байдаг.
 
“L’Italiano” дуу англи бус хэлтэй Европын орнуудад, тухайлбал Итали, Франц, Швейцар, Португалид шилдэг дууны жагсаалтыг тэргүүлж, “Би Финланд хүн” гэсэн ковер хувилбар нь тэр жилдээ Финландын жагсаалтыг тэргүүлж байв.
 
Мөн зүүн Европ, социалист системийн орнууд, Зөвлөлт Холбоот Улсын сонсогчдыг байлдан дагуулж байлаа.
 
2013 оны Сан Ремо наадмаас насан туршийн гавьяаны шагнал хүртэхдээ Кутуньо энэ дуугаа Оросын армийн найрал дуучидтай хамт дуулсан юм.
 
2019 онд Оросын эрх баригчдыг дэмждэг гэх шалтгаанаар Украины хууль тогтоогчид Кутуньогийн тоглолтыг Киев хотод зохион байгуулахыг хориглох санал гаргаж байв.
 
Кутуньо тухайн үед Оросын ерөнхийлөгчтэй нэг удаа концертын үеэр гар барьснаас өөр хэлхээ холбоогүйгээ тайлбарлаж байжээ.
 
“Би Путиний найз биш, Оросуудын найз. Гэхдээ би Путинийг байгаа байранд нь үлдээмээр байна. Түүнд энэ дэлхийн хамгийн муу муухай бүхнийг хүсэж байна” гэж тэр хэвлэлд ярьсан байдаг.
 
2007 онд Кутуньо түрүү булчирхайн хорт хавдартай болсон нь оношлогдож, 2010 онд сүүлчийн удаа Сан Ремо наадамд дуулж байв.
 
Сүүлийн жилүүдэд тэр олны нүднээс далд амьдарч байжээ.
Италийн домогт дуучин Тото Кутуньо 80 насандаа таалал төгслөө
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0