Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч цацрагийн хор байхгүйг харуулах зорилгоор далайн хүнс зооглож үзүүлэв
8 сар өмнө   285
Фүкүшимагийн цөмийн станцын реакторуудыг хөргөхөд ашигласан усыг Япон улс далайд асгаж эхэлсэнтэй холбоотой Өмнөд Солонгосын иргэдийн дунд хүнсний аюулгүй байдалтай холбоотой айдас бий болоод байгаа.
 
Энэ айдсыг намжаах зорилгоор тус улсын ерөнхийлөгч Юн Сүк Ёл өчигдөр буюу Даваа гарагт үдийн хоолондоо далайн гаралтай хүнс зооглосныг албаны эх сурвалж мэдээлжээ.
 
Япон улс хөргөлтөд ашигласан сая гаруй тонн усыг ариутгаж, цэвэршүүлсний дараа Номхон далайд асгах ажлыг Пүрэв гарагт эхэлсэн юм. Уг ажиллагаа ирэх 30 жилийн турш үргэлжилнэ.
 
Хэдийгээр олон улсын байгууллагууд усан дахь цацраг идэвхийн хэмжээ аюулгүй байдлын стандартад нийцсэн гэж дүгнэсэн ч хөрш улсууд нь болгоомжилсон хэвээр байна.
 
Хятад улс үүнтэй холбоотойгоор Япон улсаас далайн гаралтай хүнс авахаа бүрэн зогсоосон юм. Өмнөд Солонгосын засгийн газар усны аюулгүй байдалд санаа зовохгүй байгаагаа илэрхийлсэн ч нийгмийн зарим хэсэг нь уг үйлдлийг эрс эсэргүүцэж байгаа.
 
Даваа гарагийн засгийн газрын хурлын үеэр ерөнхийлөгч, ерөнхий сайд хоёр далайн гаралтай хүнс үдийн зоогтоо хэрэглэсэн байна.
 
“Энэ долоо хоногоос эхлэн ерөнхийлөгчийн ордны зоогийн газар Солонгосын далайн гаралтай хүнсээр өдөр бүр үйлчилж байхаар боллоо. Ард иргэд ийм төрлийн хүнсийг айх аюулгүй хэрэглээсэй гэж бид хүсэж байна” гэж ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээлжээ.
 
Цэвэршүүлсэн усыг асгаж эхэлснээс хойд хэд хоногийн дараа авсан шинжилгээгээр Фүкүшима орчмын далайн уснаас цацраг идэвхт бодис илрээгүйг Япон улсын засгийн газар Ням гарагт зарласан юм.
 
Гэхдээ загасны аж ахуй эрхлэгчид зах зээл нь хумигдахаас болгоомжилсон хэвээр байна.
 
Долдугаар сард Media Research байгууллагын явуулсан санал асуулгад оролцсон Өмнөд Солонгосын иргэдийн 62 хувь нь усыг асгаж эхэлбэл далайн хүнсний хэрэглээгээ зогсоох буюу багасгах бодолтой байгаагаа илэрхийлжээ.
 
Өмнөд Солонгосын засгийн газар 2011 оны ослоос хойш Фүкүшима орчмоос гаралтай далайн хүнсэнд импортын хориг тавиад байгаа. Олон нийтийн айдас болгоомжлолыг намжих хүртэл энэ хориг хэвээр үйлчлэхийг Өмнөд Солонгосын ерөнхий сайд Хан Дук Со өнгөрсөн Пүрэв гарагт мэдэгдсэн юм.
 
 
 
Эх сурвалж: Reuters
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч цацрагийн хор байхгүйг харуулах зорилгоор далайн хүнс зооглож үзүүлэв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0