Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Иргэдийнх нь зорчиж явсан нисэх онгоцыг буулгасан Саудын Арабын талд Израилын ерөнхий сайд талархал илэрхийлэв
8 сар өмнө   278
Өчигдөр Энэтхэгийн далайн арал улс Сейшелээс буцаж явсан Израилын иргэдийн нисэх онгоцонд техникийн гэмтэл илэрч, Саудын Арабын нутаг дэвсгэрт ослын буулт хийх шаардлагатай болсон юм.
 
Гэвч хоорондоо дипломат харилцаагүй, шашны үзэл номлолын улмаас дайсагнасан харилцаатай байдаг хоёр улс энэ асуудал дээр ойлголцож чадах эсэх нь эргэлзээтэй байв.
 
Харин Саудын Арабын эрх баригчид асуудалд нааштай хандаж, Жедда хотод ослын буулт хийх зөвшөөрөл өгсөн байна. Израилын зорчигчид зочид буудалд байрлаж, өөр онгоц ирсний дараа аяллаа үргэлжлүүлжээ.
 
Air Seychelles компанийн 128 зорчигчтой онгоц өчигдөр Тель-Авив хотод газардсаны дараа Израилын ерөнхий сайд Бенжамин Нетаньяху талархлын видео мэдэгдэл гаргасан байна.
 
Араб хадмал орчуулгатай хебрю хэлээр бичигдсэн мэдэгдэлдээ тэр “Нислэгт нь хүндрэл гарсан Израилын зорчигчдод найрсаг хандсан Саудын Арабын эрх баригчдад би маш их талархаж байна. Би сайн хөршийн найрсаг харилцааг өндөр үнэлдэг хүн” гэж ярьжээ.
 
Дөнгөж өнгөрсөн онд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены айлчлалын дараа Саудын Араб улс Израилын нисэх онгоцнуудад тавьдаг агаарын орон зайн хоригоо цуцалсан юм.
 
Өчигдөр Тель-Авивт газардсан онгоцны зорчигчдыг Израилын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд угтан авч, Жедда хотод ямар байдалтай байсныг нь сонирхсон байна.
 
“Саудын талын хандлага гайхмаар сайхан байлаа. Тэд инээмсэглэж, бүр хебрю хэлээр мэндчилж байсан. Үнэндээ тэднийг ингэнэ гэж огт төсөөлөөгүй байлаа” гэж нэг зорчигч ярьжээ.
 
Хоёр улс хэдийгээр албан ёсны дипломат харилцаагүй ч сүүлийн жилүүдэд албан бус харилцаа нь эрчимтэй сэргэж байгаа. Иран улсын бүс нутаг дахь хүч нөлөөнөөс болгоомжлох бодлого энэ хоёр улсыг нэгтгэж байгаа юм.
 
Арабын ертөнцийн хамгийн баян хүчирхэг улстай харилцаагаа сайжруулах нь бүс нутгийн хүчний харьцааг өөрчилж, Израил улсын байр суурийг өргөжүүлэх ач холбогдолтой.
 
Гэвч Израиль-Палестины олон арван жил үргэлжилсэн зөрчил үүнд саад болж байгаа.
 
Саяхан Израил улсын гадаад хэргийн сайд мөн дипломат харилцаагүй Ливи улсын гадаад хэргийн сайдтай Ром хотод нууцаар уулзсан нь ил болсноор томоохон асуудал үүссэн юм.
 
Үүний дараа Ливи даяар эсэргүүцлийн жагсаал өрнөж, гадаад хэргийн сайд Найла аль Mангушийг огцроход хүргэжээ.
 
Энэ үйл явдал Арабын бусад улсуудын Израильтай харилцаагаа сайжруулах хүсэл сонирхолд саад учруулах төлөвтэй байна.
 
 
 
Эх сурвалж: Aljazeera
Иргэдийнх нь зорчиж явсан нисэх онгоцыг буулгасан Саудын Арабын талд Израилын ерөнхий сайд талархал илэрхийлэв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0