Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Ши Жиньпин "Их-20"-ийн уулзалтад оролцохгүй
8 сар өмнө   248
Хятадын дарга Ши Жиньпин есдүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд Шинэ Делид болох "Их-20"-ийн дээд хэмжээний уулзалтыг алгасах төлөвтэй байна. Энэтхэг болон Хятадын дипломат эх сурвалжуудын мэдээлснээр, уулзалтад Ши Жиньпиний оронд ерөнхий сайд Ли Цян оролцож магадгүй.
 
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден уулзалтад хүрэлцэн ирнэ гэдгээ мэдэгдсэн. Хятад, АНУ-ын харилцаа тогтворгүй байгаа энэ үед "Их-20"-ийн уулзалтыг хоёр улсын удирдагчид нүүр тулан уулзаж, геополитик, худалдааны өргөн цар хүрээтэй асуудлаа ярилцах боломж гэж ажиглагчид харж байв. Ши Жиньпин, Жо Байден нар хамгийн сүүлд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Бали аралд болсон "Их-20"-ийн чуулганы үеэр уулзсан. Хоёр удирдагчийн нүүр тулан уулзахаар төлөвлөж буй бас нэгэн дээд хэмжээний уулзалт бол энэ сарын 12-18-нд Сан Франциско хотноо болох Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны удирдагчдын уулзалт юм.
 
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины хувьд Шинэ Делид ирэхгүй гэдгээ хэдийнэ мэдэгдсэн. Түүний оронд Гадаад хэргийн сайд Сергей Лавров уулзалтад оролцоно.
 
Ши Жиньпин яагаад "Их-20"-ийн чуулганд хүрэлцэн ирэхгүй талаар тодорхой шалтгааныг нь мэдэхгүй гэж Хятадын эх сурвалжууд мэдээлжээ. Тэрбээр цар тахлын үеэр гадаадад цөөн айлчилсан. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт Өмнөд Африкт болсон "BRICS"-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсон билээ. Энэ үеэрээ тэр Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитой ярилцаж, Гималайн маргаантай хилийн асуудлаар зөвлөлджээ.
 
Эх сурвалж: REUTERS
Ши Жиньпин "Их-20"-ийн уулзалтад оролцохгүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0