Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Украин улс алсын тусгалтай шинэ зэвсэг зохион бүтээснийг Зеленский зарлав
8 сар өмнө   249
Украин улсын мэргэжилтнүүд 700 км зайд цохилт өгөх чадвартай шинэ зэвсэг зохион бүтээснийг тус улсын ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр зарлажээ.
 
Украины Стратегийн Аж үйлдвэрийн Яам шинэ зэвсэг бүтээх ажлыг гардаж удирдсан тухай тэр Телеграм хуудсандаа бичсэн байна.
 
Лхагва гарагт Оросын баруун хилийн ойролцоо нутаг дэвсгэрт дроны довтолгоо дөрвөн цагийн турш үргэлжилж, дөрвөн ширхэг Ил-76 ачааны нисэх онгоц цохилтод өртсөн тухай орон нутгийн эх сурвалжууд мэдээлсэн юм.
 
Псков муж дахь энэхүү цэргийн нисэх буудал нь Украины хилээс 700 км зайд байрладаг.
 
Тухайн өдөр Оросын нийт зургаан бүс нутаг нисгэгчгүй онгоцны халдлагад өртсөн юм.
 
Эндээс харвал дээрх халдлагуудыг Украины тал шинэ зэвсгийнхээ тусламжтай үйлдсэн байж болзошгүй байна.
 
Оросын нутаг дэвсгэрт өмнө нь гарсан аливаа зэвсэгт халдлагыг үйлдсэнээ Украины эрх баригчид албан ёсоор хүлээн зөвшөөрч байгаагүй.
 
Заримдаа далд утгатай мэдэгдэл хийдэг. Тиймээс Зеленскийн мэдэгдлийг өмнөх өдөр болсон халдлагуудыг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн хэрэг гэж үзэж болохоор байна.
 
Өчигдөр бас Оросын тусгай албад Брянск мужийн нутаг дэвсгэрээс Украины хорлон сүйтгэгчид байж болзошгүй хоёр хүнийг устгаж, таван хүнийг баривчилсан тухай Интерфакс агентлаг мэдээлжээ.
 
Сүүлийн үед Киевийн эрх баригчид Оросын газар нутгийн гүнд халдлагаа эрчимжүүлж, бараг өдөр алгасалгүй довтлох болсон нь тус улсын нийгмийн сэтгэл зүйд нөлөөлж, Кремлийн удирдагчдад дотроос нь дарамт шахалт үзүүлэх зорилготой гэгдэж байгаа.
 
Украинчууд “Оросуудын ёс суртахууныг доройтуулж, удирдагчдад нь дарамт шахалт үзүүлэхийг зорьж байна” гэж Олон Улсын Стратегийн Судалгааны Хүрээлэнгийн (IISS) сүүлийн тайланд дүгнэжээ.
 
 
 
Эх сурвалж: Associated Press
Украин улс алсын тусгалтай шинэ зэвсэг зохион бүтээснийг Зеленский зарлав
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0