Хоёр Солонгосын хоорондын дайсагналыг бууруулах ажлын хүрээнд хил дагуу байрлуулсан Хойд Солонгосын алсын тусгалын их бууны системийг холдуулах талаар хэлэлцэж байгаагаа Өмнөд Солонгосын ерөнхий сайд мэдээлжээ.
1950-1953 онд үргэлжилсэн Солонгосын дайныг эхэлсний 68 жилийн ойн арга хэмжээн дээр Өмнөд Солонгосын ерөнхий сайд Ли Нак Ён “Хойд Солонгосын алсын тусгалын их буунуудыг хилээс холдуулж байрлуулах тухай хэлэлцэж байна” гэж хэлсэн үгэндээ дурдсан байна.
Тэр сүүлийн саруудад хоёр Солонгосын харилцаанд гарсан ахиц дэвшлүүдийг тоочихдоо энэ тухай хэлжээ.
Өмнө нь их буунуудын асуудлыг хэлэлцэж байгаа тухай мэдээлэл хэвлэлүүдээр гарч байсан бол албаны хүн анх удаа үүнийг баталсан нь энэ юм.
2016 оны Өмнөд Солонгосын батлан хамгаалахын “цагаан номонд” хил дагуу байрлуулсан Хойд Солонгосын 1,000 орчим их бууг цөмийн зэвсгээс дутуугүй аюул гэж тодорхойлсон байдаг. Эдгээр их буунууд нь хилээс 40-50 км зайтай оршдог, 10 сая оршин суугчтай Сөүл хотыг онилж байдаг юм.
Саяхан Сингапурт болсон АНУ-Хойд Солонгосын дээд хэмжээний уулзалтын үр дүнд Вашингтон, Сөүлийн эрх баригчид цэргийн сургуулилалтуудаа тодорхойгүй хугацаагаар зогсоосон. Өмнөд Солонгост одоо 28,500 Америк цэрэг байрладаг юм.
Эх сурвалж: The Guardian
Хойд Солонгосын их буунуудыг Сөүлээс холдуулах тухай хэлэлцэж байна |
|