Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Алексей Навальныйг маргааш Москва хотод оршуулна
2 сар өмнө   166
Бараг хоёр долоо хоногийн өмнө шоронд нас барсан Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйг маргааш буюу Баасан гарагт Москва хотод оршуулахаар болсныг түүний хэвлэлийн төлөөлөгч өчигдөр мэдэгджээ.
 
Москвагийн зүүн өмнөд Марьино дүүргийн сүмд ёслолыг үйлдсэний дараа Борисовын оршуулгын газарт нутаглуулахаар болсон байна.
 
ОХУ-ын ерөнхийлөгч Путин хууль тогтоох дээд байгууллагадаа жил тутмын илтгэл тавьсны маргааш Навальныйг оршуулах ёслол болох гэж байна.
 
Улстөрчийг нас барсны маргааш түүнд хүндэтгэл үзүүлсэн хэдэн зуун хүнийг Оросын цагдаа нар баривчилж байлаа.
 
Харин оршуулгын ёслол ямар нөхцөл байдалд болох нь тодорхойгүй байна.
 
Мягмар гарагт талийгаачийн хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш оршуулгын ёслол зохион байгуулах газар олоход хэцүү байгааг мэдээлж байжээ.
 
“Тэдгээрийн зарим нь дүүрэн захиалгатай гэж хариулж байна. Зарим нь Навальный гэсэн нэрийг сонсмогцоо татгалзаж байна. Бүр нэг газар бидэнтэй хамтарч ажиллаж болохгүй гэсэн чиглэл дээрээс авснаа хэлсэн” гэж тэр мэдээлсэн юм.
 
Оросын эрх баригчид улстөрчийн шарилыг нас барснаас нь долоо хоног гаруйн дараа буюу Бямба гарагт ээжид нь хүлээлгэж өгсөн.
 
Навальный агсны эхнэр Юлия нөхрийнх нь оршуулгын үеэр баривчилгаа явагдаж болзошгүйд санаа зовж байгаагаа илэрхийлжээ.
 
“Оршуулгын ёслол тайван болж өнгөрөх, эсвэл нөхөртэй маань салах ёс гүйцэтгэхээр ирсэн хүмүүсийг цагдаа нар баривчлах эсэхийг одоогоор хэлж мэдэхгүй байна. Путин бол зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч” гэж тэр өчигдөр Европын Холбооны парламентын чуулганд оролцохдоо хэлсэн юм.
 
“Та бүхэн улс төрчтэй биш, цуст алуурчинтай харьцаж байна” гэж Юлия Навальная энэ үеэр хууль тогтоогчдод анхааруулжээ.
 
 
 
Эх сурвалж: AFP
Алексей Навальныйг маргааш Москва хотод оршуулна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0