Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Израиль улс Украинд агаарын довтолгоог “урьдчилан анхааруулах систем” нийлүүлэхээ мэдэгдэв
2 сар өмнө   171
 Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт НҮБ дахь Израилийн суурин төлөөлөгч Гилад Эрдан тус улс Украинд агаарын довтолгоог “урьдчилан анхааруулах систем” нийлүүлэхээр ажиллаж байгааг анх удаа мэдэгджээ.
 
Ийм систем “Оросын пуужин, нисгэгчгүй онгоцны дайралтаас энгийн иргэдийн амийг аврах” ач холбогдолтойг тэр ярьсан байна.
 
Энэ нь Израилийн хамгийн орчин үеийн агаарын довтолгооноос хамгаалах “Төмөр Дээвэр” (Iron Dome) систем биш болохыг тус улсын гадаад хэргийн яам сүүлд тайлбарлажээ.
 
Харин одоо ашиглагддаг “Tzeva Adom” радарын системтэй нь тун төстэй болохыг баталсан байна.
 
 

 
 
Ийм системээр Израиль улс анх 1990-ээд оны сүүлээр Газын зурвасын ойр орчмын хот тосгодоо хамгаалж эхэлсэн бол одоо бүх Израилийг хамгаалдаг болжээ.
 
“Tseva Adom” нь пуужин харвахыг эрт мэдрээд хамгаалалтад байгаа бүс нутгийн ард иргэдэд аюул ирж буйг олон төрлийн сувгаар зарладаг юм.
 
Уг зарлал аюул арилтал олон удаа давтагддаг байна.
 
2014 оноос хойш iOS, Android системтэй гар утаснуудад анхааруулга нь хүрдэг болжээ. Ингэснээр энгийн иргэдэд хоргодох байранд орох хангалттай хугацаа гардаг байна.
 
Израиль бол агаарын довтолгоог урьдчилан анхааруулах системийн хөгжүүлэлтээр дэлхийд тэргүүлдэг улс.
 
“Tseva Adom” системийг суурилуулах, сургахын тулд Израилийн мэргэжилтнүүд Украин улсад хүрэлцэн очих гэнэ.
 
Энэ алхам нь Орос-Украины дайны хоёр жилийн турш аль алинтай нь тэнцвэртэй харилцахыг эрмэлзэж ирсэн Израилийн эрх баригчдын байр суурь өөрчлөгдсөний илрэл болж байна.
 
Өнгөрсөн хугацаанд Израилийн тал Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлж байсан ч зэр зэвсгийн тусламж үзүүлээгүй байсан юм.
 
Гэвч Оросын эрх баригчдын Иран, Хезболла, Сири, Хамастай харилцах харилцаа гүнзгийрсэн нь Израилийн хувьд тэсвэрлэхэд хэцүү болж байгаа.
 
Бүс нутгийн гол өрсөлдөгч Иран улс Оросыг пуужин, нисгэгчгүй онгоцоор хангаж байгаа нь ч үүнд нөлөөлж байна.
 
Эрдан сая НҮБ-ын индэр дээрээс Украиныг “манай холбоотон, найз нөхөр” гэх зэргээр нэрлэсэн нь анхаарал татаж байна.
 
Тэрбээр “Манай хоёр улс хоёул оршин тогтнолынхоо төлөө тулалдаж байгаа. Израиль улс Украины тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлыг үргэлж дэмжих болно” гэж хэлжээ.
 
Израилийн эрх баригч Ликүд намын либертари бүлгийн дарга Амир Вейтман дээрх мэдэгдэл тус улсын гадаад бодлого эргэснийг харуулж буйг баталсан байна.
 
Энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд Палестины дотоод бүлгүүдийн уулзалтыг ОХУ-ын эрх баригчид Москва хотод зохион байгуулж байгаа юм.
 
Уг уулзалтын үеэр Хамас болон Исламын Жихад байгууллагын төлөөлөгчид хүчээ нэгтгэх асуудлаар ярилцахыг ОХУ-ын гадаад хэргийн дэд сайд Михаил Богданов мэдэгдэж байв.
 
Үүнийг Орос улс Израильд өрнөж буй үйл явдалд тодорхой түвшинд оролцож буйн илрэл гэж Вейтман үзэж байна.
 
Одоогоор Израиль улс өөрөө дайтаж буй тул 150,000 хүртэл тооны нөөцтэй пуужингийн зэвсэглэлээсээ бусад улсад нийлүүлэх боломжгүй байгаа, гэхдээ “Tseva Adom” нь Украинд зэвсэг нийлүүлэх үйл явцын “дөнгөж эхлэл” болохыг тэр ярьжээ.
 
“Израиль улс Оросын эсрэг илүү хатуу байр суурь баримтлах болно. Хэрвээ Украины дайныг дуусахаас өмнө дотоод асуудлаа шийдэж чадвал Израилийн зэр зэвсэг Украинд нийлүүлэгдэж эхэлнэ” гэж Вейтман ярьсан юм.
 
Өнгөрсөн оны сүүлээр Оросын төрийн өмчит Russia Today телевизэд Вейтманы өгсөн ярилцлага нэлээд шуугиан тарьж байв.
 
“Израилийн дайснуудыг дэмжсэнийхээ үнийг Орос улс төлөх болно. Бид Украиныг ялуулахын төлөө ажиллана” гэж тэр Иерусалим хотоос RT сувгийн эфирт шууд холбогдохдоо анхааруулж байжээ.
 
 

Эх сурвалж: Business Insider

Израиль улс Украинд агаарын довтолгоог “урьдчилан анхааруулах систем” нийлүүлэхээ мэдэгдэв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0