Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Ирланд улсад үндсэн хуулийн “хүйсээр ялгаварласан” заалтыг өөрчлөх санал хураалт явуулсан нь дэмжигдсэнгүй
2 сар өмнө   168
Олон Улсын Эмэгтэйчүүдийн өдөртэй давхцуулан Ирланд улсын засгийн газар тус улсын үндсэн хуулийн “хүйсээр ялгаварласан” хоёр заалтыг өөрчлөх бүх нийтийн санал хураалт явуулсан нь олонхын дэмжлэг аваагүй байна.
 
Бямба гарагийн байдлаар хоёр асуултын аль алинд татгалзсан санал давамгайлсныг Ирландын ерөнхий сайд Лео Варадкар зарлажээ.
 
“Гэр бүлийн үүрэг, халамжлах үүрэгтэй холбоотой заалтуудыг өөрчлөх санал дэмжигдээгүй нь тодорхой боллоо. Тийм гэсэн санал өгөхөд дийлэнх хүмүүсийг итгүүлэх нь бидний үүрэг байсан ч ингэж чадсангүй” гэж Даблин хотод болсон хэвлэлийн хурлын үеэр тэр хэлсэн юм.
 
1937 онд батлагдсан Ирландын үндсэн хуулийн 41 дүгээр заалтад гэр бүл нь зөвхөн гэрлэлт дээр үндэслэгдэнэ, гэр бүлийнхнээ халамжлах үүрэг өрхийн эзэгтэйд хамаатай гэсэн байдаг.
 
Засгийн газар эдгээрийг зөвхөн гэрлэлт биш, "бусад хэлбэрийн бат бэх хамтын амьдралын хэлбэр дээр гэр бүл үндэслэгдэж болно", "гэр бүлээ халамжлах үүрэг гэр бүлийн бүх гишүүдэд хамаатай" болгон өөрчлөх санал гаргасан юм.
 
Сүүлийн хэдэн арван жилийн дотор Ирланд улс нь хэт хуучинсаг Католик нийгмээс либерал, чөлөөт нийгэмд аажмаар шилжиж байгаа.
 
Гэхдээ шашны хуучинсаг үзэл нийгэмд амь бөхтэй хэвээр байгаа нь сүүлийн санал хураалтаас харагдаж байна.
 
1973 он хүртэл тус улсад гэрлэснийхээ дараа эмэгтэйчүүд ажлаасаа гардаг, нөхөртэй эмэгтэй ажилд орох боломжгүй байсан юм.
 
5.3 сая хүн амтай Ирланд улс 2015 онд ижил хүйстнүүдийн гэрлэлт, 2018 онд үр хөндөлттэй холбоотой хязгаарлалтуудыг үндсэн хуулиасаа хасаж байв.
 
Тус улсын үндсэн хуулийг зөвхөн ард иргэдийн олонхын саналаар өөрчилдөг юм.
 
 
 
Эх сурвалж: Associated Press
Ирланд улсад үндсэн хуулийн “хүйсээр ялгаварласан” заалтыг өөрчлөх санал хураалт явуулсан нь дэмжигдсэнгүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0