АНУ-ын төв хэсэгт хүчтэй хар салхи, шуурганы улмаас 15 хүн нас барж, олон зуун айл өрх орон гэргүй, тог цахилгаангүй болжээ. Тодруулбал, Техас мужид долоон хүн, Арканзас мужид таван хүн, Оклахамад хоёр хүн, Кентаккид нэг хүн амиа алдсан ба 500 мянга гаруй айл өрх хохирсон. Техас мужийн Күүк дүүргийн Шериф Рэй Сапингтон мэдэгдсэнээр, нэг гэр бүлийн гурван хүн амиа алдсан байна. Мужийн захиргааны нийтэлсэн бичлэгийг харахад хар салхи шатахуун түгээх станц, амралтын цэг, орон байруудыг сүйтгэжээ. Мөн зам дээр зогсож байсан том оврын машин шидэгдэж, гол замын хөдөлгөөнийг хаажээ.
Түүнчлэн, аянга цахилгаантай аадар бороо орсны улмаас Ням гаригт "Indianapolis 500" уралдааныг хойшлуулж, 125 мянган үзэгчийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Техасын оршин суугчдын мэдээлснээр, хар салхи хоёр минутын дотор бүх зүйлийг сүйтгэсэн. Зам дагуу явж байсан жолооч нар иргэдийг нүүлгэн шилжүүлэхийг уриалж байсан бол рестораны ажилчид хүнсний хөргүүрт орж нуугджээ. Техас мужид болсон шуурга мужийн хамгийн халуун цаг агаартай давхацсан аж. Үндэсний цаг уурын алба мэдээлснээр, хар салхи Ням гаригийн үдээс хойш зүүн бүс нутгийг дайрч, хүчтэй салхи, мөндөр орохыг анхааруулсан. Одоогийн байдлаар Техас, Канзас, Миссури, Арканзас, Теннесси, Кентакки зэрэг мужид 470 мянга орчим айл өрх цахилгаангүй байна. Түүнчлэн зургадугаар сараас эхлэн Атлантын далайн хар салхины улирал тохиохыг засгийн газрын цаг уурчид анхааруулсан байна.
Эх сурвалж:BBC
АНУ-д хар салхи, шуурганы улмаас 15 хүн нас баржээ |
|