Цөөн үгээр:
  • Б.Эрхэмбаяр, Л.Сосорбарам нар Абу Дабигийн “Их дуулга”-д барилдана
  • НҮБ-ын Ерөнхий ассамблей: Хэнийг ч үл орхигдуулна
  • Э.Амартүвшин Сан Франциско хотын дуурийн театрт "Бал Маскарад" дуурьд гоцолж байна
Сансрын хөлөг нь сарны алслагдсан хэсэгт амжилттай буусныг Хятад улс зарлалаа
5 сар өмнө   172
Сарны өмнө нь огт судлагдаж байгаагүй, дэлхий рүү хардаггүй талд сансрын хөлгөө амжилттай буулгасныг Хятад улс зарлалаа.
 
“Chang’e 6” хөлөг Бээжингийн цагаар Ням гарагийн өглөөний 6:23 цагт сарны өмнөд туйлын Айткений сав газарт буусныг Хятадын Сансар Судлалын Үндэсний Төв мэдээлжээ.
 
Тавдугаар сарын гуравны өдөр хөөрсөн уг хөлөг түүхэнд анх удаа сарны дэлхийгээс хамгийн алслагдсан энэ хэсгийн хөрс, чулуулгийн дээжийг авчрах зорилготой юм байна.
 
Сарны энэ хэсэгт газардах маш өндөр эрсдэлтэй гэгддэг. Учир нь энэ хэсэгт хүрсэн сансрын хөлөгтэй дэлхийгээс холбоо тогтооход хэцүү юм. Хятадын судлаачид хөлгөө дэлхийтэй холбохын тулд дундын дамжуулагч Queqiao-2 релэй хиймэл дагуулыг ашиглажээ.
 
Хятад улс 2019 онд энд “Chang’e 4” хөлгийг амжилттай буулгасан бөгөөд өөр ямар ч улс одоогоор үүнийг хийж чадаагүй байгаа.
 
Вэньчан Сансрын Буудлаас хөөрснөөсөө хойш “Chang’e 6” өчигдрийг хүртэл газардах боломжоо хүлээн сарыг тойрон эргэлдэж байжээ.
 
Тойрог замын хөлгөөс салсан газардагч станц сарны гадаргаас 100 метрийн өндөрт хүрснийхээ дараа 3D сканераар аюулгүй буух боломжтой цэгийг тогтоогоод босоо чиглэлд уруудаж эхэлсэн байна.
 
Газардагч станц энд гурван хоног ажиллахдаа өрөм болон робот гар ашиглан 2 кг орчим дээж цуглуулах гэнэ.
 
Өмнө нь сарны хөрсний дээжийг АНУ-ын Apollo болон Хятадын хөлгүүд дэлхийд авчирч байсан. Гэхдээ эдгээр нь сарны дэлхий рүү харсан хэсгийн дээж байжээ.
 
Харин энэ удаа Айткений сав газраас цуглуулах дээжийг өмнөхөөсөө бүтэц, найрлагын хувьд эрс өөр байх ёстой гэж үзэж байна.
 
Учир нь Айткений сав газар нь солирын мөргөлтөөс үүссэн тогоо бөгөөд манай нарны аймгийн одоогоор мэдэгдэж буй хамгийн том тогоо юм.
 
Энэ хэсгийн чулуулаг сарны дотоод цөмөөс гаралтай тул судалгааны маш чухал материал болох ажээ.
 
Хятад улс 2020 онд сарны дэлхий рүү харсан талаас Chang’e 5 хөлгөөр 1.7 кг чулуулгийн дээж авчирч байсан бол энэ удаа хоёр дахиа авчрах гэж байна.
 
Хэрвээ зорилго амжилттай хэрэгжвэл авчирсан дээжийг Хятадын эрдэмтэд эхний ээлжид судалж, дараа нь дэлхийн бусад улсуудын эрдэмтдэд өгч судлуулах гэнэ.
 
Хятад улс 2030 он хүртэл дахин гурван судалгааны хөлгийг усны нөөц хайх, байнгын суурин байгуулах зорилгоор сар руу илгээх юм байна.
 
Энэ бүхний дараа тус улсын анхны сансрын нисгэгч дэлхийн дагуул дээр хөл тавихаар төлөвлөжээ.
 
Одоо АНУ саран дээр дахин очих зорилт тавиад ажиллаж байгаа бөгөөд NASA-гийн Artemis 3 хөлөг 2026 онд буухаар төлөвлөжээ.
 
 
 
Эх сурвалж: BBC
Сансрын хөлөг нь сарны алслагдсан хэсэгт амжилттай буусныг Хятад улс зарлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0